Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатыг 461-р ангид цагдан хорьжээ

Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатыг 461-р ангид цагдан хорьжээ

Аравдугаар сарын 1-ний өдөр Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Дангаагийн Ганбатыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа урьдчилан хорих 461-р ангид хорьжээ. Түүнийг АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгийнхэн албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байна.

Учир нь тэрээр Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Төв аймгийн нутаг дэвсгэрт зам тавих тендерт “Ялгуусан” гэх компанийг ялуулж, 200 орчим сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй хэрэгт сэжиглэж буй аж.

Түүнийг өмнө нь Худалдаа хөгжлийн банк, “Монголын зэс”-ийн удирдлагын холбогдсон хэрэгт хамжигчаар оролцсон хэмээн яллагдагчаар тооцсон байсан билээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Төмөртэйн төмрийн хүдрийн орд газраас тус аймгийн Ерөө сум дахь Хандгайт өртөө хүртэл 33.4 км төмөр зам концессоор барьж 2015 онд ашиглалтад оруулахад замын ажлын үнийн дүнтэй холбоотой баталгаажуулсан акт, дүгнэлт гараагүй, Сангийн, Зам, тээврийн яам, ТӨБЗГ, “Монголын төмөр зам” зэрэг байгууллагад ажлын гүйцэтгэлтэй холбоотой санхүүгийн баримт, тооцоог өгөөгүй байхад 112.66 сая ам.доллароор барьсан хэмээн тооцож улсад хүлээн авч хохирол учруулсан хэрэгт буруутгаж байгаа юм.

Харин энэ удаа түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас их онц их хэмжээний мөнгө авлигалд авсан хэмээн цагдан хорьж шалгаж байгаа аж.