Нойтон цас орж, халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна

Нойтон цас орж, халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна

Өнөө шөнө нутгийн төв хэсгээр, маргааш өдөр нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна. Маргааш буюу энэ сарын 4-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, энэ сарын 5-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 6-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи 6-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 7-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Ирэх ням гарагт буюу энэ сарын 6-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.