ТЦА-ны мөрдөгчид хахууль өгсөн гэх Хятадын иргэн хил давсан тул хэргийг түдгэлзүүлжээ

ТЦА-ны мөрдөгчид хахууль өгсөн гэх Хятадын иргэн хил давсан тул хэргийг түдгэлзүүлжээ

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын ахлах мөрдөгч, хошууч Б.Отгоныг АТГ-ынхан бусдаас хахууль авсан хэрэгт холбогдуулан шалгаад, хэргийг нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Шүүх хурлыг нь хийхээр товлосон ч шүүгдэгч Б.Отгон өмгөөлөгчөөсөө татгалзсанаар хойшлуулсан байгаа аж.

Харин албан тушаалаа ашиглан бусдаас ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ их хэмжээний хээл хахууль авсан хэрэгт шалгагдаж эхэлмэгц дээрх цагдаагийн алба хаагчдыг ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсээс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байгаа юм. Мөн түүний цагдаагийн хошууч цолыг хурааж улмаар төрийн албанд эргэж орохгүйгээр халсан аж. 

Цагдаагийн хошууч Б.Отгоныг БНХАУ-ын иргэн Тан Тэюэнд холбогдох хэргийг шалгаж байхдаа өнгөрсөн оны наймдугаар сард 1.4 сая төгрөгийн үнэтэй тавилга хахуульд авч Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн албан өрөөнд тавьсан гэж буруутгаж буй юм. Мөн Тан Тэюэн, түүний орчуулагч нарт “Өмгөөлөгч авах шаардлагагүй, хэргийг чинь та нарт ашигтайгаар шийдэж өгнө” хэмээн 20 сая төгрөг өгөхийг шаардсан гэх хэрэгт холбогдсон аж.

Харин ТЦА-ны мөрдөгчид хахууль өгсөн БНХАУ-ын иргэн Тан Тэюэн хил давж явсан учраас түүнд холбогдох хэргийг тусгаарлан түдгэлзүүлчихээд байгаа юм байна.