Нарендра Модигийн айлчлалаар Монголоос уран авах асуудлыг шийдвэрлэх үү

Нарендра Модигийн айлчлалаар Монголоос уран авах асуудлыг шийдвэрлэх үү

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын 08-нд  буюу мягмар гаригт манай улсад айлчилна. Энэ үеэр Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт болон дэд бүтцийн явцтай танилцах юм байна. Нарендра Моди өмнө нь 2015 онд манай улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ газрын тосны үйлдвэр барихад шаардлагатай нэг тэрбум ам долларын хөнгөлөлттэй зээлийг шийдвэрлэсэн билээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сард Энэтхэг улсад айлчилсан. Энэ үеэр газрын тос боловсруулах үйлдвэрт шаардлагатай нэмэлт зээлийн санхүүжилтийг шийдвэрлэсэн юм. 

Харин Нарендра Модигийн энэ удаагийн айлчлалаар Энэтхэг улс Монголоос уран авах асуудлыг шийдвэрлэж магадгүй гэх таамаг байна. Энэтхэг улс нь цөмийн цахилгаан станцтай, ураны хэрэгцээ асар их байдаг. Тиймээс манай улсаас уран авах асуудлыг айлчлалаар хөндөх юм байна. 

Шри Нарендра Моди нь Энэтхэгийн Гужарат мужийн хойд нутагт байх Мехсана дүүрэгт 1950 оны есдүгээр сард мэндэлжээ. Тэрээр олон жилийн турш Пакистантай хил залгадаг Гужарат мужийг удирдаж ядуу бүс нутгаас эдийн засгийн үсрэнгүй хөгжилтэй муж болгон хувиргасан юм. Тиймдээ ч энэ нэр хүндээрээ 2014 онд болсон  Энэтхэгийн парламентын сонгуульд Бхаратия Жаната намаа удирдан оролцож түүхэн ялалт байгуулсан байна. Сөрөг хүчин байсан түүний нам Энэтхэгийн парламентад 282 суудал авснаар олонхи болж, улмаар тус улсын Ерөнхийлөгч Нарендра Модиг Засгийн газрын тэргүүнээр томилон танхимаа бүрдүүлэхийг албан ёсоор хүссэн байдаг.

Түүний дараа буюу 2019 онд мөн л түүний нам ялалт байгуулж,  Нарендра Моди хоёр дахь удаагаа Энэтхэгийн Ерөнхий сайдын албыг хашиж, хоёр дахь удаагаа манай улсад айлчлах гэж байна.