САЙН МЭДЭЭ: Монголын компаниуд хамтран цэвэр эрчим хүч ашиглаж, экспортлохоор нэгдэв

САЙН МЭДЭЭ: Монголын компаниуд хамтран цэвэр эрчим хүч ашиглаж, экспортлохоор нэгдэв

2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөллүүд, гадаад, дотоодын нэр хүндтэй экспертүүд зэрэг нийт 600 гаруй зочид, төлөөлөгчид оролцсон “ОЛОН УЛСЫН ШИНЭ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЧУУЛГАН – 2019” амжилттай болж өнгөрлөө.

Чуулганы үеэр “Говийн Цэвэр Эрчим Хүч Нэгдэл”-ийн Хамтарсан Уриалгад гарын үсэг зурах ёслол болж холбогдох ассоциациуд, холбоод, компаниудын удирдлагууд Монгол Улсын Говийн бүс дахь цэвэр эрчим хүчний баялаг нөөцийг ашиглах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортлох зорилгын дор цугларан энэхүү нэгдэлд элсэж байгаагаа зарлав.

Дэлхий даяар уламжлалт эрчим хүчний нөөцөөс татгалзаж цэвэр эрчим хүчний хэрэглээ рүү шилжиж байгаа эрин үед Монгол Улс цэвэр эрчим хүчний баялаг нөөцөө ашиглан Зүүн Хойд Азийн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах улмаар бүс нутгийн орнуудыг хамарсан олон улсын жишиг, стандартын дагуу цахилгаан эрчим хүч дамжуулах нэгдсэн сүлжээг бий болгох боломжтойг Эрчим Хүчний Яам болон Азийн Хөгжлийн Банкны хамтарсан судалгаагаар тогтоосон.

Говийн цэвэр эрчим хүчний нөөцийг ашиглан, бүс нутагтаа экспортлосноор Монгол Улсын эдийн засгийн өсөлт, иргэдийн эрх ашигт эерэг үр дүн авчрахаас гадна дэлхийн дулааралд хамгийн их нөлөө үзүүлж буй нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах үйл хэрэгт том ахиц гаргах юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2018 оны 9 дүгээр сард Владивосток хотноо болсон Дорнын Эдийн Засгийн IV Чуулганы үеэр Зүүн Хойд Азийн бүс нутгийн орнуудын эрчим хүчний оргил цагийн ачааллыг хөнгөвчлөх, хамгийн үр ашигтай, хямд өртөг бүхий цахилгаан эрчим хүчээр хангах шийдэл болох Зүүн Хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний бүс нутгийн зохицуулалтын байгууллага бий болгох санаачилга гаргасныг нэгдэлд элсэн орж буй талууд дэмжихийн сацуу Говийн бүсийн цэвэр хүчийг ашигласнаар Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжил, Монгол Улс болон Зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засаг, дэд бүтцийн хамтын ажиллагааг шинэ, ахисан түвшинд гаргах, Монгол Улсыг цахилгаан эрчим хүч экспортлогч орон болгоход чухал ач холбогдолтойг онцолсон юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар холбогдож авна уу.

Утас: 976-99107148

Ц-шуудан: baldorj@bcmongolia.org

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ