ТОЙМ: Ерөнхийлөгчийн хориг МАН-ын хагарлыг дахин ил болгов

ТОЙМ: Ерөнхийлөгчийн хориг МАН-ын хагарлыг дахин ил болгов

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВАХЫГ ДЭМЖСЭН БА ДЭМЖЭЭГҮЙ ГИШҮҮД-

МАН-ын бүлэг энэ сарын 03—ны өдөр хуралдаж Ард нийтийн санал асуулгад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ гэдэг шийдвэрийг гаргасан. Гэтэл УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах шийдвэрийг гаргав.

МАН дотооддоо уг асуудлыг ярилцаж хүлээж авахгүй гэдэг шийдвэрт хүрсэн ч чуулганы хуралдаанаар хүлээж авсан нь МАН-ын хагарал хурцдасан гэдгийг ил болголоо.

Тодруулбал, МАН доторх М.Энхболд тэргүүтэй 27-ийн бүлгийн гишүүд АН-ын зөвлөлийнхэнтэй нийлээд нэг л гишүүний илүү саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авав.

Энэ дундаа У.Хүрэлсүхийн талынхан гэгддэг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар хоригийг хүлээж авахгүй гэсэн анхаарал татаж байна. 

Ц.Нямдоржийн хувьд энэ асуудал дээр ил гарч тоглосон. Тэгэхээр түүний энэ сонголтод гайхах зүйлгүй. 

У.Хүрэлсүхийн талаас М.Энхболд руугаа урваж эхэлсэн гэдэг нь энэхүү санал асуулга харууллаа. 

Ингэснээр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтээс асуух санал асуулга зохион байгуулагдахгүй нь тодорхой боллоо.

Мөн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгээс өмнө  хоёрдугаар хэлэлцүүлгээр хийсэн нэмэлт, өөрчлөлтийн төсөл задрах нь. 

Өөрөөр хэлбэл, хоёрдугаар хэлэлцүүлэг бүхэлдээ задарч  буй дахин эхнээс нь хэлэлцэнэ гэсэн үг. Гэтэл ийм боломж бололцоо, цаг хугацаа хомс. Одоо төсвийн хуулийг 2020 он гартал хэлэлцэнэ. Тэгэхээр Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг лав энэ ондоо багтаан хэлэлцэж батлах нь худал болов.

Үндсэндээ Үндсэн хуулийн хэлэлцүүлэг гацаанд орж байна.

-ҮНДСЭН ХУУЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ГАЦААНД ОРЛОО-

Хоёрдугаар хэлэлцүүлгийг дахин явуулах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөх хэлэлцүүлгийн үеэр орж чадалгүй унасан саналуудаа дахин оруулахаар зүтгэнэ гэх мэдээлэл байна. Тэр нь Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох хувилбар. Гэхдээ уг заалтыг 2025 оноос мөрдөх.  Мөн  “УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох, сайд нараа томилох эрхийг Ерөнхий сайдад олгох, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгохыг 2025 оноос заалтуудыг нэмэх тохироог хийж магадгүй гэх мэдээлэл байна. 

 Угтаа бол МАН 2020 оны УИХ-ын сонгуулиас өмнө буюу ирэх арваннэгдүгээр сард Ард нийтийн санал асуулгыг явуулж бүхий  л аргаа  хэрэглээд  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард иргэд дэмжсэн гэдэг шийдвэрийг гаргахаар зүтгэж байв. Ингээд гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн батлахааар төлөвлөж байсан ч  ийнхүү нурлаа. 

Яасан байсан ч, ард түмнээс асуугаагүй баталсан, нэг нам хэт олонх байхдаа баталсан Үндсэн хуулийн өөрчлөлт ирээдүйд шүүмжлэл дагуулж хүлээн зөвшөөрөгдөхгүй байх нь тодорхой юм.