В.Путин: Монгол, БНХАУ руу чиглэх төмөр замын ажлаа хурдасгаж, дуусгахыг зорьж байна

В.Путин: Монгол, БНХАУ руу чиглэх төмөр замын ажлаа хурдасгаж, дуусгахыг зорьж байна

Олон улсын “Валдай” хэлэлцүүлгийн клубийн 16 дугаар бага хурал 2019 оны есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 3-ны өдрүүдэд ОХУ-ын Сочи хотод болж өндөрлөлөө. Бага хурлын нэгдсэн хуралдааны үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Зүүн хойд Азийн /Монгол, Хятад зэрэг/ маршрут нь худалдааны ирээдүйтэй зам гэж үзэж буйгаа хэллээ.

Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин:

“...Ирээдүйд чиглэсэн улс төрийн харилцаа, тэр дундаа Азийн орнуудтай тэгш харилцааг бий болгох үндэс нь тогтвортой урт хугацааны хөгжлийн бодит боломжийг нээх эдийн засгийн түншлэл юм.

Тээврийн харилцан уялдаагаар жишээлэхэд: Автомашины, далайн, төмөр замын орчин үеийн дэд бүтцийг бий болгохгүйгээр худалдаа, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх болоод бусад аль ч салбарт харилцан солилцоо хийх боломжгүй юм. Иймд хамтдаа Евразийн тээврийн бүтцийг (каркас), өргөрөг уртрагийн дагуу худалдааны маршрут бүхий бодит сүлжээний бүтээн байгуулалтыг хэрхэн хурдасгах вэ гэдгийг хамтдаа бодох шаардлагатай байна.

Мэдээж Орос улс ийм хамтын ажиллагаанд нээлттэй бөгөөд хэд хэдэн хамтарсан төслийг хэрэгжүүлж байна. Үүний нэг нь хойд-урд чиглэлийн худалдааны зам нь Европоос эхэлж манай газар нутгаар дамжин Каспийн бүсээр дайрч Төв Азийн орнууд, Иран, Энэтхэгийг чиглэх юм.

Бас нэг чиглэл нь Европ-Баруун Хятад бөгөөд Балтын тэнгис дэх Оросын боомтуудыг Шар тэнгисийн боомтуудтай холбох болно. Өөр нэг ирээдүйтэй чиглэл бол Арктик-Сибирь-Азийн чиглэл билээ. Энэхүү чиглэлийн гол зорилго нь Хойд тэнгисийн замын боомтуудыг Зүүн Сибирь буюу Евразийн төвөөр дамжуулан Номхон далай, Энэтхэгийн далайн боомтуудтай холбох явдал юм.

Энэ санаачилгыг бодит ажил болгож хэрэгжүүлэх, холбоосыг бүрэн болгох шаардлагатай. Үүний тулд бид Сабетта боомт руу төмөр замын гарц барих ажлыг түргэтгэхийг зорьж байна. Энэ боомт Оросын хамгийн хойно буюу Ямал хойг дээр байрладаг.

Ер нь, “Хойд тэнгисийн замын” төслүүдийн багцийг дуусгахын зорьж байна. Мөн Курагино-Кызыл чиглэлийн төмөр замын магистралын ажлыг дуусгахыг зорьж байна. Энэ нь Оросын Холбооны Улсын зүүн хэсэгт орших Тувагийн Бүгд Найрамдах Улсын нийслэл бөгөөд үргэлжлүүлэн Монгол Улс, БНХАУ-ын төмөр замын сүлжээнүүдэд нэвтэрч, цаашлаад бүс нутгийн бусад улсын төмөр замын сүлжээнд нэвтрэх боломж бүрдэх юм. Евразийн хэмжээний ач холбогдолтой энэхүү санаачилгыг сонирхогч бүх түншүүдтэйгээ хамтран ажиллахад бэлэн байна.

Бидний бодлоор хил дамнасан, үндэстэн дамнасан тээврийн артериуд нь зөвхөн ердийн өрсөлдөөнд суурилсан харилцаа тогтоох түлхүүр, түлхэц болоод зогсохгүй хамгийн чухал нь эв санаанд суурилсан байх болно. Учир нь, тухайн зам дамжин өнгөрч буй аль нэг улс оронд улс төрийн болон эдийн засгийн тогтворгүй байдал бий болбол бүхэл бүтэн гинжин хэлхээ ажиллагаагүй болно. Тиймээс хөршүүд бие биенийхээ хөгжил цэцэглэлтийн төлөө тэмүүлэх нь зүйн хэрэг юм.

Хамтын хөгжил дэвшлийн зарчмыг удирдлага болгон, бид түншүүдтэйгээ хамтран Евразийн эдийн засгийн холбоог байгуулж байна. Энэхүү интеграцийн нэгдэл нь нэг нэгнийхээ тэгш байдал, прагматизм, сонирхлыг хүндэтгэх зарчим дээр үндэслэгдсэн юм. Түүнээс гадна манай нэгдэл бол хаалттай зах зээл биш юм....” гэсэн байна.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар