ЧУУЛГАН: Хөөн хэлэлцэх хугацаатай  холбоотой асуудлыг засч, залруулах шаардлагатай гэв

ЧУУЛГАН: Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг засч, залруулах шаардлагатай гэв

УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслүүдийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав.

Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан дээрх хуулиудад тодорхой зүйлүүдийг тусгасан гэдгийг тодотгосон. Тухайлбал, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг зөрчлийн хугацаа тоолох зохицуулалттай уялдуулж, улмаар зарим гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг боловсронгуй болгохоор өөрчилсөн гэдгийг сайд онцолсон. Мөн аргагүй хамгаалалтын зохицуулалтанд хамрах хүрээг өргөжүүлж, эрх хасах, хорих зэрэг зарим ялын хэмжээтэй холбоотой зохицуулалтын зөрчлийг арилгасан байна.

Түүнчлэн зарим төрлийн гэмт хэрэг, тухайлбал, биеэ үнэлэхийг зохион байгуулах, бэлгийн дарамт учруулах, гүтгэх, мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг гэмт хэргийг тусгах, зарим гэмт хэргийн шинжийг ерөнхий ангид заасан нэр томьёотой нийцүүлсэн гэлээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

Өчигдөр байнгын хорооны хуралдаан дээр нэлээд ярьсан. Байнгын хорооны хурлаар хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой нэлээд ярьсан зүйлсийг байнгын хорооны дүгнэлтэд Х.Нямбаатар гишүүн оруулаагүй байна. Яагаад оруулаагүй юм бэ. 2017 оны тавдугаар сарын 16-нд Төрийн ордны 334 дүгээр өрөөнд ажлын хэсгийнхэн буюу Х.Нямбаатар, Дээд шүүхийн шүүгч Х.Батцэрэн, дэд сайд асан Б.Энхбаяр, Ерөнхий прокурорын орлогч Эрдэнэбат, Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга  Ё.Сагсай зэрэг хүмүүс хуралдахдаа хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн. Гэтэл төгсгөлдөө намайг хийсэн болгож их захгүй ярьсан. Тэр нь эрүүгийн байцаан шийтгэх хууль, Эрүүгийн хууль хоёрын бичлэгийг хольж тавьсан. Энэ хоёр хуулийг жирийн иргэд ялгахад ч бэрх, хоёулаа л эрүүгийн хэрэг ярьдаг. Үнэнээ өчигдөр хүмүүс хүлээсэн. Ц.Нямдорж сайдын хэлж байгаагаар Мөрдөх албан муу ажиллаад байгаа гэдэг асуудал. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга байгаа дээр асууя.Жастын Батхүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэрэгсэхгүй болчихсон юм уу. Өчигдөр дээд шүүхийнхэн үгүй гээд толгойгоо сэгсэрч байна лээ. Хэрэв хэрэгсэхгүй болсон бол яагаад 2009 онд нээсэн хэрэг 2019 он хүртэл мөрдөөд байгаа юм бэ. Асуудлын хамгийн сонирхолтой нь үүнд байгаа юм. Энэ бүхнийг нийгмийн анхаарлын төвд оруулж, оруулсных нь дараа улстөрчид нь айж Х.Нямбаатараас эхлээд намайг хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн гэж хэлчхээд зугтчихдаг. Тэгээд нүүр нүүрээрээ уулзахаар өөр юм ярьдаг. Үнэд гүйцэгдэнэ гэгчээр өнөөдөр уулзалдаж байна. Энэ хуулийг яаралтай засах хэрэгтэй. Эрүүгийн хууль бол бодлоо гүйцээж бичдэг ийм хууль. Ажлын хэсэгт нь нэлээд чамбай хүмүүс оруулахгүй бол прокурор нь нэг юм ярихаар за гэдэг, шүүхийнхэн мөн нэг юм ярихаар за гэдэг ийм байдлаар л өмнөх ажлын хэсэг ажилласан.  Одоо байгуулах ажлын хэсэг байгуулбал ахлагчаар нь  ноён нуруутай, байр сууриндаа байж чаддаг, аль нэг байгууллагын эрх ашгийг тусгахаасаа илүүтэй үндэсний эрх ашгийг нэгт тавих тийм хүнийг томилох хэрэгтэй. Дэд сайд Б.Энхбаяр тухайн үед өөрөө ажлын хэсэгт байсан атлаа одоо болохоор маш олон юм ярьж байгаа. Тухайн үед нь яагаад ярьж хэлээгүй юм. хөөн хэлэлцэх хугацааны төслийг боловсруулсан хүн.

Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: 

 2017 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг тухайн үеийн Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хөндсөн, санал оруулсан. Энэ тухай хуралдааны бичлэг олон түмэнд тарсан. Дээд шүүхийн шүүгч Х.Батцэрэнд үүрэг өгч, томьёолол гаргуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дахь хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг өөрчилсөн. Үүнтэй холбоотойгоор өмнө нь батлагдсан байсан Эрүүгийн хуулийг уялдуулж ажлын хэсэг дээр хууль зүйн техникийн хувьд шинэчилсэн. Ш.Раднаасэд гишүүнд хэлэхэд, надтай хамаарал бүхий этгээдүүдээс ганц худагт байтугай Дэнжийн мянгын цагдан хорихын баривчлах байранд хоригдож байгаа хүн байхгүй шүү. МХЕГ-ын нэр бүхий авлига авсан байцаагч нарыг чамайг томилуулсан гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Ажил хийснийхээ төлөө би гүтгүүлэх ёсгүй. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг одоо ахлах УИХ-ын гишүүн ч олдохгүй байгаа. Ажил хийсэн хүмүүсээ өөлж, баалдаг. Жастын Батхүүгийн хэрэг 2013 онд үүссэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.