ВИДЕО: Ж.Ганбаатар гишүүн Нүхтийн аманд 2.3 га газар авсан ч ашиглалтын хугацаа дуусаж, чиглэл нь “өөрчлөгджээ”

ВИДЕО: Ж.Ганбаатар гишүүн Нүхтийн аманд 2.3 га газар авсан ч ашиглалтын хугацаа дуусаж, чиглэл нь “өөрчлөгджээ”

Дархан цаазад Богдхан ууланд улстөрчид, эрх мэдэл бүхий эрхмүүд газар авч, тансаг орд харш барьдаг талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. /Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү/ Тэд мэдээлэл ойр байдаг учраас эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглаж, “үнэ цэнэ”-тэй газруудыг авсан байдаг.

ВИДЕО: 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Богд хан уулын тусгай хамгаалалттай газар болох Нүхтийн аманд газар авчээ. Тэрбээр өөрийн эзэмшлийн "Камдер" ХХК-ийн охин компани болох “Гурвангол бааз” ХХК-ийн нэр дээр Богдхан уулын Нүхтийн аманд 2,3 га газрыг ашиглах эрхээр 10 жилийн хугацаатайгаар авсан байна. Тухайн компаний гүйцэтгэх захирлаар Ж.Ганбаатарын төрсөн дүү Ж.Нарантуяа ажилладаг бол эцсийн өмчлөгч нь Ж.Ганбаатар өөрөө бүртгэлтэй байгаа юм. 

Аялал жуулчлалын бааз байгуулах нэрээр авсан тус газрын газар ашиглах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусчээ. Гэтэл тэрбээр өнөөг хүртэл газар ашиглах гэрээгээ сунгаж, газар ашигласан татвар хураамжаа төлөөгүй байна.

Тэгвэл Газрын тухай хуулийн, 47 дугаар зүйл. Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход газар дээрх эд хөрөнгийн эрх дуусгавар болох: "47.1.Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгө өмчлөгч этгээдийн тэрхүү эд хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болно" гэж заажээ.

Ж.ГАНБААТАРЫН “ГУРВАНГОЛ БААЗ”-ЫН ГАЗРЫГ “ГАЧУУРТ”-ЫН Л.ЧИНБАТ “МИНИЙХ” ХЭМЭЭН ШҮҮХДЭЖ БАЙЖЭЭ

Тэгвэл давхардаж олгосон байх магадлалтай тус газрыг “Гачуурт”-ын Л.Чинбат “Минийх” хэмээн шүүхдэж байжээ. Тодруулбал, “Гачуурт” ХХК нь өмч хувьчлалын үед Нүхтэд байрлах тус газрыг анх хувьчилж авсан учир газрыг албадан чөлөөлүүлж, өөрийн ашиглах эрхийг сэргээлгэхээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд хандаж байжээ.

Гэвч тухайн компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй аж. Тиймээс шүүхээс тус хэргийг буцааж шийдвэрлэсэн аж. Товчхондоо “Гачуурт” ХХК “Гурвангол бааз”-ын газрыг авахаар шүүхэд хандсан ч нэхэмжлэлээсээ татгалзсан бололтой.  

Ямартай ч Ж.Ганбаатар гишүүний шүүхийн хаалга татаж байсан Нүхтийн амны газрын ашиглах эрхийг хугацаа хэдийнээ дууссан ч тус газарт баригдсан жуулчны баазын барилгууд сүндэрлээтэй, үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тодорхойгүй байдалтай байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Ж.Ганбаатар нь тус газрыг аялал жуучлалын чиглэлээр ашиглахаар зөвшөөрөл авч барилга байгууламж барьсан ч эл чиглэлээрээ үйл ажиллагаа явуулдаггүй. Нийт талбайн дийлэнх хувийг ашигладдаггүй. Харин хувийн хэрэгцээндээ ашигладаг байж болзошгүй байгаа гэсэн юм.