Баянхонгор аймгийн малчин эмэгтэй  Улаанбаатар хот хүртэл гүйлт хийхээр замдаа гарлаа

Баянхонгор аймгийн малчин эмэгтэй Улаанбаатар хот хүртэл гүйлт хийхээр замдаа гарлаа

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд дөрөвдүгээр багийн малчин эмэгтэй Ч.Цэгмид Улаанбаатар хот хүртэл 790 км замд холын зайн гүйлт хийхээр энэ сарын 10-ны өдөр Хавтгай улааны арын хондны хаваржаанаасаа гаржээ.

Хөнгөн атлетикийн спортын мастер зэрэгтэй ахмад тамирчин, дөрвөн хүүхдийн ээж, малчин эмэгтэй Ч.Цэгмид нь нийт малчдаа төлөөлөн анх удаа холын зайд гүйхээр шийдвэр гаргаснаас хойш бүтэн сар гаруйн хугацаанд бэлтгэл сургуулилалтыг хангаснаар энэ  өдөр  ийнхүү замдаа гарч байгаа юм.

Түүнийг 40 орчим жил ханилсан хань Я.Хүрэлбаатар нь дэмжиж хамт яваа бөгөөд тамирчны биеийн байдалд хяналт тавих эмч дагалдан явж байна.

Түүний зорьсон үйл хэрэг, холын зайн гүйлтэд амжилт хүсч, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Хишигбаатар, Бууцагаан сумын удирдлага, нутгийн малчин ард, үр хүүхэд ахан дүүс нь  малын хотноос нь үдэн гаргалаа. 

Малчин эмэгтэй өдөрт 30 км гүйснээр зургадугаар сарын 4-нд улсын нийслэл Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайд очихоор тооцоолсон байна.

Тэрбээр бага залуу байхаасаа /1976 оноос хойш/ гүйлтийн спортоор хичээллэж, энэ хугацаанд холын зайн гүйлтээр 70 гаруй тэмцээн уралдаанд амжилттай оролцож байсан түүхтэй. Энэ гүйлтийг Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой, Монгол Улсын Гавьяат багш Н.Биндэръяагийн нэрэмжит Номгон сургуулийн 60 жилийн ойд зориулан мянган мэргэжлийн эзэн нийт малчдаа төлөөлөн хийж байгаа аж.