БАРИМТ: Хятадын зээлээр барина гэж зүтгүүлээд "унасан" “Баганан тулгуурт гал тэрэг”-ний ТЭЗҮ-г Ц.Батжаргалын компани 500 саяар боловсруулжээ

БАРИМТ: Хятадын зээлээр барина гэж зүтгүүлээд "унасан" “Баганан тулгуурт гал тэрэг”-ний ТЭЗҮ-г Ц.Батжаргалын компани 500 саяар боловсруулжээ

Хотын дарга Д.Сумъяабазар БНХАУ-аас олон сая ам.долларын зээл авч, мөн Засгийн газраас баталгаа гаргуулж Улаанбаатар хотод Light Rail Transport /LRT/ буюу "Баганан тулгуурт хөнгөн галт тэрэг" барина гэж "зүтгүүлсэн" ч энэ нь УИХ-ын босгыг давж чадалгүй хойшлоод байгаа билээ. 

Тэгвэл иргэд төдийгүй, УИХ-ын гишүүдийг ч хот хөдөөгөөр нь талцуулаад амжсан LRT буюу "Баганан тулгуурт хөнгөн галт тэрэг" төслийн Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-г “Максимал” ХХК 499 сая төгрөгөөр, Шинэ төрлийн их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгслийн харьцуулсан судалгааг 66,6 сая төгрөгөөр боловсруулж өгчээ. /Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу/

Шилэн дансны мэдээлэл

Тодруулбал, "Тулгуурт гүүрэн байгууламж бүхий шинэ төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх урьдчилсан ТЭЗҮ боловсруулах тендер"-ийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зарлаж, “Максимал”, “ПН ган сүлжээ”, “Эс Ар Пи инженер консалтинг монголиа” гэх гурван компани оролцсон байна.

Харин эдгээрээс "Захиалагчаас тогтоосон чадавхийн үзүүлэлтийг хангасан" гэх үндэслэлээр “Максимал” ХХК тендерт шалгарчээ.

Тулгуурт гүүрэн байгууламж бүхий шинэ төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх урьдчилсан ТЭЗҮ боловсруулах тендерын шалгаруулалт

-ГҮҮРЭН ТУЛГУУРТ ГАЛТ ТЭРЭГНИЙ 18.1 КМ ЗАМЫГ 926 САЯ АМ.ДОЛЛАРТ БАРИНА-

Тэгвэл хэрэгжих эсэх нь эргэлзээтэй болоод буй LRT буюу Тулгуурт гүүрэн байгууламж бүхий шинэ төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх төслийн ТЭЗҮ-ийг 498.5 сая төгрөгөөр боловсруулсан “Максимал” ХХК-ийн талаар болон тэд төслийн ТЭЗҮ-ийг хэрхэн боловсруулсан талаарх мэдээллийг хүргэж байна.

“Максимал” ХХК-ийн бүртгэлийн мэдээлэл

Сонирхуулахад, “Максимал” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ц.Батжаргал ажилладаг бол хувьцаа эзэмшигчээр нь М.Даваасүрэн, Ц.Батжаргал гэх хүмүүс бүртгэлтэй байгаа юм. Тухайн компани нь Хандгайт-Төмөртэйн ордын төмөр замын бүтээн байгуулалтын үндсэн гүйцэтгэгчээр ажиллаж байсан аж. Мөн гүүрэн тулгуурт хөнгөн галт тэрэгний ТЭЗҮ-д "15 буудал бүхий 18.1 км зам барихын тулд 926 сая ам.доллар зарцуулах тооцоолол гаргасан байна. Мөн хөнгөн галт тэрэг Улаанбаатарт нэвтэрснээр түгжрэлийг 25 хувиар бууруулах аж. Харин галт тэрэгний насжилтыг 30 жил хэмээгээд, 15-16 дахь жилээсээ үр ашиг өгч эхэлнэ" гэж тооцоолжээ.

-“ГҮҮРЭН ТУЛГУУРТ ГАЛТ ТЭРЭГ ТӨСӨЛ"-ИЙН ТЭЗҮ-Д ЗАРЦУУЛСАН 500 САЯ ТӨГРӨГ САЛХИНД ХИЙСЭЖ МАГАДГҮЙ-

Тэгвэл яг манай улсад барина гээд байгаа “LRT буюу Баганан тулгуурт галт тэрэг”-нийг Казахстан улс 2011 онд анх Францын компанитай хамтарч барихаар төлөвлөсөн ч бүтэлгүйтэж, эцэстээ замын уртыг нь 22,4 километр болгон багасгаж, үүндээ БНХАУ-аас 20 жилийн хугацаатай 1,4 тэрбум ам.долларын зээл авч, Казахстаны Засгийн газар баталгаа гаргасан ч төсөл нь бүтэлгүйтэж, ашиглах боломжгүй олон тооны тулгуурт баганатай үлдсэн байдаг. 

Тэгвэл Хятадаас их хэмжээний ам.долларын зээл авч барина гэж зүтгүүлээд байгаа Д.Сумъяабазарын “LRT буюу Баганан тулгуурт галт тэрэг” төсөл ч мөн бүртэлгүйтэж, ТЭЗҮ-ийг нь боловсруулахад зарцуулсан 500 сая төгрөг салхинд хийсэж магадгүй болоод байгаа юм. 




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө