Хөтөлийн "Цемент шохой"-н захирал Л.Наранбаатар тендер зарлахгүйгээр "МН Жойн" компанитай "тэсэлгээний" гэрээ байгуулжээ

Хөтөлийн "Цемент шохой"-н захирал Л.Наранбаатар тендер зарлахгүйгээр "МН Жойн" компанитай "тэсэлгээний" гэрээ байгуулжээ

Засгийн газрын энэ оны гуравдугаар сарын 24 /2022.03.22/-ний өдрийн хуралдаанаар Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгож, төрийн өмчит авсан билээ. Улмаар тус газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр "оймс" хэмээн хочилдог Л.Наранбаатарыг томилсон байдаг. 

Сүр дуулиантайгаар хэл ам болон байж ажлаа хүлээж авсан тэрбээр саяхан "ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй" нэгэн гэрээнд гарын үсэг зуржээ. Тодруулбал, "Цемент шохой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар нь энэ оны дөрөвдүгээр сарын 21 /2022.04.21/-ний өдөр "МН Жойн" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Алтанбаганатай “Тэсэлгээний ажил гүйцэтгэх” гэрээ байгуулжээ. Тодотговол, дээрх газрууд нь 2022 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс мөн оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд “Хөтөл-1, Хөтөл-2 орд дээр 1,348,200 м3 уулын цул тэслэх ажил”-ыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. 

Цемент шохой компани нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт харьяалагдах болжээ.

Ингэхдээ ямар нэгэн "тендер, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр" гэрээ байгуулсан нь анхаарал татаж байгаа юм.

Учир нь "Цемент шохой" үйлдвэр нь ТӨХК-д шилжсэн. Энэ ч утгаараа "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай" хуулийг дагаж мөрдөх учиртай. Тус хуульд өндөр өртөгтэй бараа үйлчилгээ авах бол сонгон шалгаруулалт, тендер зарлаж, тодорхой мэдээлнэ гэдгийг тодорхой заажээ. /Хуулийг ЭНД ДАРЖ уншина уу/.

Харин дээрх хуулийг зөрчвөл Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх зохицуулалттай байна.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.1.1-д, "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэжээ.

Гэтэл Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар нь "МН Жойн" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Алтанбаганатай “Тэсэлгээний ажил гүйцэтгэх” гэрээг ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулахгүйгээр гэрээ байгуулсан байгаа юм. Харин Л.Наранбаатар, Ч.Алтанбагана нар нь найз нөхдийн харилцаатай байж болзошгүй байгаа бөгөөд энэ нь "гэрээ байгуулахад нөлөөлсөн үү" гэх хардлагыг төрүүлж байна. Учир нь "МН Жойн" ХХК-ийн эцсийн өмчлөгч болон гүйцэтгэх захирлаар Ч.Алтанбагана бүртгэлтэй байна. 

МНЖойн ХХК-ийн Улсын бүртгэлийн мэдээлэл. 2022.05.12




“BONUS BOOST” BSB-д

10 цагийн өмнө