Дайны гэмт хэрэг үйлдсэн Орос цэрэг 10 жил, эсвэл бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлнэ гэжээ

Дайны гэмт хэрэг үйлдсэн Орос цэрэг 10 жил, эсвэл бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлнэ гэжээ

Өнөөдөр /2022.05.13/ Киевт болж байгаа шүүхэд хуралд оролцож байгаа 21 настай цэрэг дайны гэмт хэрэгт холбогдсон анхны орос хүн болоод байна. 21 настай В.Шишимариныг Сумы мужид 62 настай эрэгтэйн амийг хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа гэж тус улсын Ерөнхий прокурорын газраас мэдээлжээ.

Тодруулбал, В.Шишимарин хоёрдугаар сарын 28-нд Чупахивка тосгонд замын хажуугаар дугуй унаж явсан зэвсэггүй энгийн иргэнийг буудан хөнөөсөн гэж мөрдөн байцаалтын явцад буруутгаж байгаа аж. “В.Шишимарин одоогоор цагдан хоригдож байгаа бөгөөд прокурорууд түүнийг дайны хууль, ёс заншлыг зөрчиж, санаатай хүн амины хэрэгт холбогдсон тухай хангалттай нотлох баримтуудыг цуглуулсан” гэж Украины Ерөнхий прокурор И.Венедиктова мэдэгджээ. Хэрэв В.Шишимарин буруутай нь тогтоогдвол арван жилээс бүх насаар нь хорих ялаар шийтгүүлэх аж. Харин өнөөдөр /2022.05.13/ Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков шүүх хурлын талаар тайлбар өгөхийг хүсэхэд, тэрээр “энэ хэргийн талаар ямар ч мэдээлэл байхгүй" гэжээ.

Эх сурвалж: CNN