М.Ганбаатар: Бид стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр шахмал түлшийг боловсруулсан

М.Ганбаатар: Бид стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр шахмал түлшийг боловсруулсан

Өнөөдөр "Тавантолгой түлш" ХХК-аас сайжруулсан шахмал түлштэй холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хурлын эхэнд тус компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар хэлэхдээ:

-“Олон хүн зөвшөөрөлгүй нүүрс олборлох гэж амь насаа алддаг. Олон мянган хүн нүүрсний хорт хийнд угаартдаг. 1,5 сая нийслэлчүүд багтраа өвчин, утаандаа хорддог. Энэ бүхний эсрэг ажлыг бид хийж байгаа гэж бодож ажиллаж байна.

Би стандартын түвшинд үйл ажиллагаа явуулдаг. Маш их эрсдлүүд гарч байгаа.

Энэ бүхнийг зохион байгуулж, давж туулах шаардлага зайлшгүй тулгараад байна.” гэв.

Тус компанийн ерөнхий инженер хэлэхдээ:

-“Хэвлэл мэдээллийн хэрэгслээр санаатай ташаа мэдээллүүд гарч байна. Таван толгой компанийн ерөнхий инженерийн хувьд манай технологи олон эрдэмтдийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон технологи гэдгийг хэлье.

Эрчим хүчний яамны Шинжлэх ухааны техникийн их хурлаар шахмал түлшний орц найрлагаа баталгаажуулсан.

Үйлдвэрийн дараах туршилтыг Сонгинохайрхан дүүргийн   28-р хороонд бүтэн жил гарангийн хугацаанд хийсэн. Түлшний чанар найдвартай, баталгаатай нь батлагдсан. Олон улсын лабораторийн дүнгүүд ч байна.  Барьцалдуулагч, эрдэнэшишийн цардуул хоёрыг тавантолгойн нүүрстэй хольж гаргаж авсан түлш. Өөр ямар нэг нэмэлт зүйл ороогүй.

Жилд 30-50 хүн угаартаж нас бардаг. Автомашиндаа угаартаад нас барах тохиолдол ч гардаг. Энэ бүгд түлшнээс хамааралтай биш. Утаа яндангаар дамжин агаарт дэгдэхгүй эргээд гэр эсвэл автомашинд нэвтэрснээс хүн угаартдаг. Угаартаж буйгаа хүн мэддэггүй. Мэдэхгүй учраас угаартчихдаг. Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайтар сурталчилж зөв галлагааны талаар иргэдэд ойлгуулахгүй бол цаашид дахиад хичнээн хүний амь нас хохирохыг хэлж мэдэхгүй. Иймд зөв галлагааны талаар сурталчлах нэн шаардлагатай байна.  "Тавантолгойн түлш" ХК-ийн зүгээс 70119400 утсаар зуухны зөв галлагааны талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна” гэлээ.