Ё.Баатарбилэг: УДЭТ, ДБЭТ, Үндэсний төв номын сангийн барилгыг шинэчлэх ажлыг зогсоолоо

Ё.Баатарбилэг: УДЭТ, ДБЭТ, Үндэсний төв номын сангийн барилгыг шинэчлэх ажлыг зогсоолоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр Байгалийн түүхийн музейд ажиллалаа.

Тэрбээр энэ үеэр Байгалийн түүхийн музейн шинэчлэлийн ажилд газрын асуудал үүсээд буйг шийдвэрлэхээр холбогдох албаныхантай хамтарч ажиллаж байгаагаа танилцуулсан юм.

Түүнчлэн Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр болон Үндэсний төв номын сангийн барилгыг шинэчлэх ажлын зогсоох саналыг Сангийн сайд, Төсвийн байнгын хорооны даргад хүргүүлэхээр болсноо тэрбээр мэдэгдлээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Соёлын салбарт 1990 оноос хойш хэрэгжүүлж чадаагүй хөрөнгө оруулалтыг Засгийн газраас хийхээр төлөвлөсөн. Дээрх гурван барилгыг шинэчлэхээр 12 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгасан байлаа.

Гэвч нэр бүхий улстөрчид, урлаг соёлын зүтгэлтнүүд үүнийг эсэргүүцэж, эдгээр барилга нь соёлын өв тул буулгаж болохгүй гэсэн байр сууринаас хандацгааж байна. Улстөржилт хэрээс хэтэрлээ. Тиймээс шинэчлэх ажлыг зогсоож, төсөвлөгдсөн 12 тэрбум төгрөгийг боловсрол, спорт, шинжлэх ухааны салбарт тулгамдаж буй асуудалд шилжүүлж өгөх саналыг хүргүүлэхээр болсон. Үнэхээр харамсалтай байна" гэв.