Ц.Даваасүрэн: 2024 онд өвлийн цагаар цахилгааны хязгаарлалт хийдэг болно шүү

Ц.Даваасүрэн: 2024 онд өвлийн цагаар цахилгааны хязгаарлалт хийдэг болно шүү

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.19/ хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаар Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

Тэрбээр "Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын 2022 оны тавдугаар сарын 12, 13-нд хэлэлцэн шийдвэрлэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Эдийн засгийн байнгын хороо тавдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх санал дүгнэлтийг явуулж, танилцуулж байна. Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тогтоолын төслийн тав дахь заалтыг 2022 оны зургадугаар сарын 13-наас эхлэн дагаж мөрдөнө гэж өөрчлөх, тогтоолын төслийн хавсралтын агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр нэр томъёог жигдлэх, дэд заалтыг дугаарт нийцүүлж өөрчлөх, техникийн засвар хийх саналыг олонх дэмжсэн болно" гэв.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Бид олон хөтөлбөр, төлөвлөгөөтэй болоод байна. Ингэснээр олон зүйл рүү самгардаад байна. Жижигхэн эдийн засагт тодорхой хэдэн зүйл дээр л анхаараад үр дүнг нь үзмээр байна. Олон зүйл рүү самгардчихаар үр дүн гарахгүй байна. Баримт бичиг үйлдвэрлээд л гоё нэр өгөөд л байна. Гэтэл хэрэгжээд явж байгаа нь алга. Хэрвээ хэрэгждэг байсан бол өнөөдөр ядуурлын түвшин буурсан байгаа. Валютын түвшин хараат бус байх ёстой. 30 жил гоё сайхан зүйл ярьлаа. Нефтийн үйлдвэр ярьсан хэвээрээ л байна. Эрчим хүчний хараат хэвээрээ. 2024 онд бид өвлийн цагаар хязгаарлалт хийдэг болно шүү. Учир нь эх үүсвэр байхгүй. Жилдээ 60-80 мвт-аар хэрэглээ өсч байна. 60-80 мваттын шинэ эх үүсвэр баригдаж байх байтал юу ч байхгүй. Тиймээс олон зүйл рүү биш яг хэрэгцээтэй зүйл рүүгээ анхаарлаа хандуулмаар байна" гэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан "Манай Засгийн газар эрчим хүчний салбарыг нэлээдгүй онцолж байгаа. Бүтээн байгуулалтын ажлыг зориглож барьж аваад шийдээд явж байна. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц нэлээд урагшиллаа. Тавантолгой дулааны цахилгаан станцын сонгон шалгаруулалт ч дуусах шатандаа орж байна" гэв.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Шинэ эх үүсвэр байгаа юу. 2024 онд оройн цагаар тог тасалдаг, хязгаарладаг болох гээд байна. Үүнийг яаж шийдэх юм бэ" гэлээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг "Ажлын байрыг хадгалах, иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, бизнесийг дэмжих чиглэлд онцгой анхаармаар байна. Зөвхөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгч ажилтнуудын тоо 2021 онд 200 мянгаар буурсан гэсэн судалгаа байна лээ. Тэр хэмжээгээр ажлын байр хумигдсан гэсэн үг. Хоёр дахь асуудал нь төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хэрэгжилт ррон нутагт их тааруу байх юм. Тухайлбал, би Өвөрхангай аймгийн хэдэн сумаар явахад ноолуурын үнэ 90 мянган төгрөгөөс доош орсон гэж байна. Энийг 100 мянга хүргэх арга байна уу. Тариалан эрхлэгчдийг дэмжихээр 100 тэрбум төгрөгийн зээл олгож байгаа гэсэн орон нутагт хэрэгжихгүй, 10 га талбайгаас дээш гэж заахаар хэдхэн аж ахуй нэгж л хамаарна биз дээ" гэлээ. 

Сангийн сайд Б.Жавхлан "Бид энэ асуудлыг анхааралдаа авч, салбар яаманд дамжуулъя" гэв. 

ҮЗЭХ: 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө