"Арилжааны банкуудыг худал баланс гаргадаг болтол нь ажиллуулсан Монголбанкны ерөнхийлөгчид хариуцлага тооц"

"Арилжааны банкуудыг худал баланс гаргадаг болтол нь ажиллуулсан Монголбанкны ерөнхийлөгчид хариуцлага тооц"

УИХ-ын үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкны шинэчлэлийн тухай хуулийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг хатуухан шүүмжиллээ.

Тэрбээр “Банкны салбарын үйл ажиллагаа итгэлцэл дээр явагддаг. Энэ салбарыг худлаа ярьж, хууль зөрчдөг хүн удирдаж болохгүй. Энэ асуудлыг ярихын өмнө Монголбанкны ерөнхийлөгчид хариуцлагын асуудлыг ярих ёстой.  Банкны салбарын реформ банкуудыг ил тод, нээлттэй болгох үйл ажиллагаанаас эхлэх ёстой. Сангийн сайд “банкуудын баланс огт худлаа байгаа” гэж хэлж байна.

Олон улсын байгууллагууд тэгж дүгнэсэн гэж хэлж байна. Тэгэхээр ард иргэдийн мөнгө байгаа арилжааны банкуудыг худал баланс гаргадаг болтол нь ажиллуулчихсан Монголбанкны ерөнхийлөгч, Монголбанкны бүх удирдлагад хариуцлага тооцох ёстой.

Түүний дараа энэ асуудлыг ярих хэрэгтэй. Банкны салбар ялзарсан хэвээрээ, ард иргэдийн, төрийн, нийгмийн даатгалын сангийн, эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөнүүд эрх мэдэлтэй хүмүүстэй холбоотой байдаг банкууд дээр очиж, алдагдаж, хулгай хийгдсэн хэвээрээ байна. Банкуудаас төрийн мөнгийг хамгаалах цаг болчихсон байна. Капитал банкны сургамж бий. Арга хэмжээ авахгүй явсаар байгаад  маш их хэмжээний мөнгийг үрэгдүүлсэн. Өнөөдөр Монгол Улсад валютын гурван ханш тогтчихсон байна. Ийм байхад хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэх үү. Хөрөнгө оруулагчид бүгд хүлээлтийн байдалд орчихсон байна. Мөнгөний бодлого, ханш нь ойлгомжтой болсны дараа хөрөнгө оруулна гээд хүлээж байна. Ингээд эдийн засгийн өсөлт хасах 3 хувьтай болчихсон. Ийм чухал асуудал хэлэлцэж байхад Монголбанкны Ерөнхийлөгч яасан юм” гэв.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эрүүл мэндийн шалтгааны улмаас өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй аж. 




“BONUS BOOST” BSB-д

14 цагийн өмнө