ВИДЕО: "Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн"-д Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын тарьсан МОД арчилгаа, усалгаагүй хөсөр хаягджээ

ВИДЕО: "Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн"-д Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын тарьсан МОД арчилгаа, усалгаагүй хөсөр хаягджээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы индэр дээрээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна" гэдгийг мэдэгдсэн.

Энэ хүрээнд ч аж ахуй нэгж, албан байгууллагууд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагууд гээд бүхий л газрууд мод тарьж эхлээд байгаа. Мод тарьж байгаа нь сайшаалтай ч соёолж, ургахад нь анхаарал хандуулж байна уу, харин тооны араас хөөцөлдөж суулгасан болоод хаяж байна уу гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Тиймээс бид өнгөрсөн намар /2021.10 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагууд, “Токио-2020” олимпын наадмын медальтан болон шагналт байр эзэлсэн тамирчид, шашны байгууллагын төлөөллийн мод тарьсан  “Шинэ Налай цэцэрлэгт хүрээлэн”-г зорив.

ВИДЕО: 

Тус газарт Төрийн тэргүүн хүртэл саатаж, мод тарьсан учир арчилгаа, усалгаа бусдаас сайн хийгдэж байгаа болов уу гэх бодол тээсээр тус газарт ирснээ нуух юун.

Гэтэл “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-нд тарьсан суулгацнаас нэг нь ч соёолж ургаагүй байх аж. Тэдгээр суулгац ургах ч нөхцөлгүй харагдаж байсан юм.

Учир нь том тогоо ухаж суулгасан модыг ойрын хугацаанд услаагүй нь илт. Суулгацын хөрсийг ухаж үзвэл ойр чийг үгүй. Энэ нь тус газарт тарьсан модыг усалж арчилдаггүй гэдгийг илтгэх шиг. Мөн суулгасан модны тогоонд хог хурсан нь ч үүнийг бататгана. Түүнчлэн цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд айлын үхэр хүртэл орж, өнөөх сүр дуулиантайгаар тарьсан бут, сөөгний хатсан мөчрийг үнэрлэж, гишгэлж байгаатай хүртэл бид таарсан юм.  

“Шинэ Налай цэцэрлэгт хүрээлэн”-нд 2021 оны аравдугаар сард мод тарьж байв

Мэргэжлийн хүмүүс мод тарьж ургуулахад арчилгаа, усалгаа хамгийн чухал гэдгийг хэлж, зөвлөдөг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч тус газарт мод тарих үеэрээ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойгоос мод авчирч суулгахгүй. Үрслүүлж, арчилж, тордох ёстой. Тариад орхих бус, ургуулах нь чухал” гэдгийг онцолж байсан. Гэтэл тус газарт л гэхэд ямар ч арчилгаа, усалгаа байсангүй. Харин тарьсан модны талаарх мэдээлэлтэй ганц нэгэн гоёмсог самбар л тус газрыг чимж байв. Хатуухан хэлэхэд том том ухсан нүх л тэнд үлджээ. Тиймээс нэн даруй тэдгээр суулгацыг арчилж, усалж тордохгүй бол энэ хэвээр үлдэж мэдэх нь. Ер нь тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьж, суулгасан модны арчилгаа усалгааг сайтар хийж, энэ чиглэлд анхаарал хандуулахгүй бол хэдэн жилийн дараа тэрбум мод бус, тэрбум нүх үлдэхвий гэдэг үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэлээ.

“Шинэ Налай цэцэрлэгт хүрээлэн”-нд 2021 оны аравдугаар сард мод тарьж байв