П.Ган-Эрдэнэ: Унтаад сэрэхэд би эмнэлэгт, аав минь бурханы оронд очсон байна

 П.Ган-Эрдэнэ: Унтаад сэрэхэд би эмнэлэгт, аав минь бурханы оронд очсон байна

Засгийн газар энэ оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулж, хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан. Улаанбаатар хотын гэр хорооллын 220 мянган өрх жилдээ хүйтний улиралд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа байна. Харин "Тавантолгойн түлш" ХХК сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, 220 мянган өрхийг 600-700 мянган тонноор бүрэн хангах боломжтой гэсэн тооцоо судалгаа гаргаад үйлдвэрлэх ажил эхэлсэн байдаг. 

СОНСОХ:

-САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ УГААРЫН ХИЙД
169 ИРГЭН ХОРДООД БАЙНА-

Ингээд энэ жилээс эхлэн Улаанбаатарын хотын өрхүүд түүхий нүүрс биш сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхлээд байна. Гэтэл иргэдийн идэвхтэй галлагаа эхлээгүй, гадаа нэмэх градустай байсан сүүлийн 7 хоногт сайжруулсан түлшинд хордож эрүүл мэнд, амь насаараа хохирлоо гэх дуудлага мэдээлэл гэр хорооллын бүсээс цагдаагийн байгууллагад тасрахгүй ирж байгаа тухай мэдээлж байна. Харин сайжруулсан түлшинд ямар нэгэн асуудал байхгүй. Иргэд буруу галласан болон зуух нь утаа алдаж шаардлага хангахгүй байгаа учраас ийнхүү угаартаж нас бараад байгаа гэх мэдээллийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлж байгаа юм. 

Энэ сарын 4-10 ны өдрийн байдлаар сайжруулсан шахмал түлш хэрэглээд, угаарын хийд хордсон гэж 169 иргэнээс Хордлогын үндэсний төвд хандсанаас 2-62 насны нийт 6 хүн амиа алдаад байна. Тэдгээр иргэдийн хоёр нь бага насны хүүхэд, дөрөв нь насанд хүрсэн том хүн байсан юм. 

Угаарын хийд хордож амиа алдсан иргэдийн тоон мэдээлэл

Ямартай ч өчигдөр Улсын Ерөнхий Прокурорын газраас “Иргэд шахмал түлш хэрэглэж, угаартсан” гэх нийт 57 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг түргэн шуурхай шалгах тухай албан бичгийг ЦЕГ-т хүргүүлсэн байна. 

-САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШИНД УГААРТАЖ ААВЫГАА
АЛДАЖ, ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРСОН ИРГЭН
МАНАЙ САЙТАД ЯРИЛЦЛАГА ӨГЛӨӨ-

Хамгийн сүүлийн нас барсан тохиолдол болох аравдугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28-р хорооны нутагт байрлах өөрийн эзэмшлийн өвлийн байшинд гал түлж улмаар өглөөний 7 цагийн орчимд 62 настай иргэн Пүрэвсүрэн угаартаж нас барсан. Харин түүнтэй хамт байсан талийгаачийн хүү болох  25 настай П.Ган-Эрдэнэ өдгөө Цэргийн төв эмнэлгийн харъяа “Хордлогын үндэсний төв”-д биеийн байдал муу хэвтэн эмчлүүлж байна. 

Бид дээрх мэдээллийн дагуу Хордлогын үндэсний төв рүү очиж газар дээр нь нөхцөл байдлыг сурвалжиллаа. Сайжруулсан шахмал түлш оройдоо бага зэрэг түлээд унтсан иргэн өөрөө нас барж, хүү нь ухаан санаа балартаж, мэдрэлийн хүндхэн гэмтэлтэй, уушги тэр чигтээ утаанд хордсон гэх оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Бидний очих үед хохирогч П.Ган-Эрдэнийг түүний төрсөн ах болох П.Гантулга сахиж байхтай таарсан юм. 

Тэд төрөөс гаргасан шийдвэрийг иргэн хүний үүднээс даган биелүүлж шахмал түлш худалдан авах картаараа Баян хошууны Хөтөл дахь салбараас худалдан авсан гэдгээ хэлж байна. Мөн “биднийг буруу түлсэн хэмээн буруутгаж эхлээд байна бид 20 гаруй жил гал түлж байгаа учраас буруу түлнэ гэж байхгүй” гэдгээ хэлж байлаа. Тэдний яриаг хүлээн авч уншина уу.

-УГААРТАЖ БАЙНА ГЭДГЭЭ ОГТ МЭДЭЭГҮЙ,
ЯМАР Ч УТАА ҮНЭРТЭЭГҮЙ-

Хохирогч П.Ган-Эрдэнэ: 

-Танайх сайжруулсан шахмал түлш түлээд угаартсан юм уу?

-Тийм.

-Тэр өдөр танай гэрт хэдэн хүн байсан бэ. Юу болсноо санаж байна уу?

-Тэр өдөр гэрт аав бид хоёр л байсан. Унтаад л сэрсэн. Ийм юм болж, би эмнэлэгт аав минь бурхан болсон байна.

-Өөрт тань угаартсан гэх шинж тэмдэг илэрч, мэдсэн юм байгаагүй юу? 

-Орой унтаад тэр чигтээ энэ эмнэлэгт өчигдөр сэрлээ. Угаартаж байгаа гэдгээ огт мэдээгүй. Тэр өдөр ямар ч утаа үнэртээгүй.

-ӨГЛӨӨ ААВЫНХ РУУГАА ОРОХОД ААВЫН ЗҮРХ ЗОГССОН,
ДҮҮГИЙН АМНААС ХӨӨС САГАСАН БАЙСАН-

П.Ган-Эрдэнийн төрсөн ах П.Гантулга:

-Манай дүү тухайн өдөр угаартсан байсан учраас юу болсноо сайн санахгүй байгаа. Өглөө манай хүргэн ах зургаан цагт ороход аав зүрх нь зогссон байдалтай. Харин дүү маань зүрх нь бараг зогсох шахсанамнаас нь хөөс сагасан, бүх бие нь хөшсөн, шүд нь зуурсан байсан. 

-Та ах нь уу?

-Тийм. Намайг П.Гантулга гэдэг. Би аавынхаа гэрт ороход ямар ч утаа байгаагүй. Орой нь бага зэрэг гал түлсэн юм билээ. Намайг орой гэрт нь 12 цагт ороход унтах гээд хэвтэж байсан. Тэгээд өглөө эрт сэрээд харахад гэрээс хүн гарч ирэхгүй байсан. Уг нь манай дүү өглөө эрт ажилдаа явдаг. Босоогүй байхаар нь сэрээх гээд ортол угаартчихсан, аав минь аль хэдийнээ нас барсан байсан. Тэгээд түргэн дуудаад цагдаа дуудаад шуурхай энэ эмнэлэгт ирсэн. Энэ эмнэлэгт дүү минь ирээд бараг 8цаг ухаангүй байсан. Түлшний тал дээр маш их гомдолтой байна. 

-Тэр сайжруулсан түлшийг танайх яг хаанаас авсан юм бэ? 

-Баянхошууны Хөтөл дахь салбараас хоёр л шуудайг авсан. Тэгээд л нэг шуудайг нь түлсэн. Харин тэр өдөр унтахдаа бага зэрэг хийгээд унтсан байсан. Угаасаа гадаа дулаахан байсан учраас их түлээгүй. Одоо бол манай дүү харьцангуй гайгүй яриад байна. Өчигдөр дөнгөж ухаан орчхоод ухаан санаа нь балартаад, ярьж чадахгүй байсан. 

-Одоо яг ямар оноштой хэвтэн эмчлүүлж байна вэ?

-Уушги нь бүхэлдээ утаагаар дүүрсэн байна гэсэн. Угаартсан байдалтай байгаа гэсэн. Мөн тархины мэдрэлийн судаснууд саатсан байх магадлалтай гэж томографийн шинжилгээгээр гарсан. Бараг 10 гаруй цаг ухаангүй байсан. Энэ эмнэлгийн эмч нар их сайн эмчиллээ. Одоо бол байнгын зүү тавиулж, өдөр шөнөгүй дусал, тариа хийлгээд байж байна. 

-Одоо ямар зовиур илэрч байна вэ? 

-Одоо бол цээж нь хөндүүр, чихэнд нь ус гүйсэн юм шиг байдалтай байна. угаартсан үедээ гараа дараад хэвтсэн байсан.Дарж хэвтсэн гар нь хавдчихсан. Мөн хөл нь хавдчихсан. Мөн уушги нь гүн угаартай байна гэсэн. Гар болон хөлийн булчин зангирсан нь тавигдахгүй тэр чигтээ үлдсэн ийм л байна.

-НАМАЙГ ОРОХОД ИХ МУУХАЙ БЕНЗИН ШИГ ҮНЭР
ҮНЭРТЭЖ БАЙСАН-

-Таныг гал түлсний дараа буюу орой нь ороход ямар нэгэн угаарын үнэр байгаагүй юу?

-Ямар ч утаа байгаагүй. Харин их сонин үнэр үнэртэж байсан.Бензин ч юм шиг уксус ч юм шиг үнэртэж байсан. Ямар ч угаарын үнэр байгаагүй. Тэгээд би аав хэлж байсан. “Ааваа та зурагтаар мэдээ харсан юм уу? Олон хүн угаартаж өнгөрөөд байна гэсэн шүү дээ” гэсэн. Тэгэхэд аав “Гайгүй байлгүй дээ. Түлээд дуусаж байна” гэж байсан.Тэгээд би “Муухай үнэртээд байна” гэж хэлээд хаалгыг нь онгойлгоод гарсан. Манай дүү тэр үед гал түлсэн байсан учраас газар унтаж байсан. Намайг гарсны дараа хаалгаа хаагаад унтаад өгсөн байсан. Тэгээд л өглөө нь ороход аав минь өнгөрчихсөн байсан.

-Аав тань угаартаж нас барж, дүүгийн тань биеийн байдал тааруухан байна. Энэ асуудлын тухай гомдол мэдээллээ цагдаагийн байгууллагад өгсөн үү?

-Угаасаа маш их гомдолтой байна. Хаа хүрч чадахаар байна, тэр газартаа хүртэл явна гэж бодож байна. Манай эгч нар бас гомдлоо өгөөд явж байгаа. Манай гэрт Мэргэжлийн хяналтын газраас болон цагдаагийн газраас очиж шалгаж байгаа гэсэн. Чухам юуг нь шалгаад байгааг мэдэхгүй байна. Үнэхээр арга хэмжээ авах гэж байгаа бол өөр арга хэмжээ авмаар байгаа юм. 

Эцэст нь нүүрс түлүүлэхгүй гээд албан шаардлагаар сайжруулсан түлш шахчхаад одоо болохоороо бидний буруу болгох гээд байгаад гомдолтой байна. Зуух чинь буруу байна гээд байгаа сурагтай байсан. Бид нар бол мөн л хоёр жилийн өмнө утаагүй зуух гээд төрөөс иргэдэд худалдаж байгаа гэхээр нь худалдан авч байсан. Хэдэн жилийн өмнө утааг арилгана гээд утаа гаргахгүй зуух гээд яндантай нь зарж байсан.Гэтэл одоо утаагүй нүүрс гээд шахаад ийм юм боллоо.

Одоо та нар энэ өрөөнүүдээр яваад хараарай. Маш олон хүн хэвтэн эмчлүүлж байгаа.Энд байгаа хүмүүс хайртай дотнын хүмүүсээ алдаад өөрсдөө угаартаад хэвтэж байна. Хөнгөн хэлбэрээр угаартсан маш олон хүн байгаа. Тэд нар өөрсдийгөө сайн мэдэхгүй хүн их байгаа.Харин энд байгаа хүмүүс хүнд хэлбэрээр хордсон хүмүүс юм. Бид нарыг буруу түлсэн гээд байгаа юм. Юу гэж буруу түлэх вэ дээ. Бид нар 20-30 жил гэр хороололд амьдарч гал түлж өссөн. Өмнөх жилүүдэд буруу гал түллээ гэхэд яагаад тэгвэл угаартаж үхэхгүй болоод байсан хэрэг вэ. 

Одоо бол харьцангуй дулаахан айл бүр гал түлж эхлээгүй байхад ийм олон хүн үхэж байхад цаашид бүх гэр хорооллын айл гал түлээд эхэлбэл яах вэ. Тийм биз дээ. Энэ угаарын асуудал улам л хүндэрнэ. Цагдаа нар гэрт очоод танай зуух ийм байна. Тийм байна гээд байгаа гэсэн. Гэтэл өвөл бүх айл гал түлээд эхлэхээр гэрт утаа нь үлдэхгүй яндангаар гарвал бүгд үхнэ гэсэн үг үү. Ямарч утаа байхгүй юм шиг хирнээ битүү угааргүй хор гэр хорооллын иргэдийг хордуулна гэсэн үг болж таарч байна. Тэгэхэд тэд нар та нарын буруу гээд сууж байх уу? 

-Пийшингийн хавхлагаа хаахаар утаа гадагшлахгүй угаартаад байгаа гэж албаны хүмүүс тайлбарлаж байгаа шүү дээ. Тэр угаартсан өдөр хавхлагаа хаасан байсан уу? 

-Манайх хавхлага байхгүй. Хавхлага гэж үнсний савны хаалтыг хэлээд байгаа юм. Тэрийг угаасаа анхнаасаа хаахгүй түлж ирсэн. Анх зарахдаа ч гэсэн хааж болохгүй гэж хэлж байсан. Бүтэн хоёр жил түлээд болоод ирсэн. Яндангийн хаалт гэж угаасаа манайх байхгүй. Тэр хавхлага угаасаа байнга онгорхой байж байдаг. 

-Түлшээ яг тэр “сайн” түлшийг борлуулалтын цэгээс нь худалдан авсан уу? 

-Тийн. Тэр түлшийг худалдан авах зориулалтын тусгай карт өгсөн. Түүгээр авсан. Тэр картгүй бол угаасаа зарахгүй байна лээ. 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө