Өвөл морь уралдуулж, эрлийз морьдыг зөвшөөрөх хуулийн төслийг ЯМАР ГИШҮҮД САНААЧЛАВ

Өвөл морь уралдуулж, эрлийз морьдыг зөвшөөрөх хуулийн төслийг ЯМАР ГИШҮҮД САНААЧЛАВ

УИХ-ын нэр бүхий гишүүд өвөл морь уралдахыг хуульчилж, эрлийз морь баяр наадмаар уралдахыг нээж өгсөн хуулийн төсөл УИХ-д өргөн барилаа. Тодруулбал, Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Б.Саранчимэг нарын гишүүд 2019 оны тавдугаар сарын 03-ны өдөр Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна. Тэд уг хуулийг 2019 оны долдугаар сарын 01-ний өдрөөс буюу энэ жилийн баяр наадмаас урьтаж батлуулахаар шамджээ.

ХОЁРДУГААР САРД МОРЬ УРАЛДУУЛЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР УНУУЛНА

Өргөн барьж буй хуулийн төслийн 8.12-т Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-ний өдөр “Ерөөл өргөх” нэртэй уралдаан зохион байгуулахыг хуульчилсан байна. Энэ нь сар шинийн 14-ний өдөр буюу хүйтний эрч сулраагүй, цас ханзраагүй үе байх юм.

Хаврын морин уралдааныг хүүхдийн эрх зөрчигдөж, олон зуун хүүхэд эрүүл мэнд, бие сэтгэлээрээ хохирч, хөл гараа хөлдөөж, насаараа хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдлийг дагуулдаг тул жил бүрийн 11 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хориглосон байдаг.

Сонирхолтой нь, дээрх асуудлаас үүдэх хүүхдийн эрхийн асуудлаас хууль санаачлагчид зайлсхийхийн тулд хүүхдийн насыг 14 наснаас дээш байна хэмээн зааж өгчээ. Гэтэл 14 нас гэдэг бол унаач хүүхдүүдийн хувьд морь унах нас нь хэдийнэ өнгөрчихсөн, уяан дээр морь хөлслөх, морины ажил хийж, туслах уяач болохоор бэлтгэгдэж байх нас нь бөгөөд монгол морьд жин бага, өндөр нь нам тул Монголын уламжлалт морин спорт ийн бага насны хүүхдээр унуулдаг заншилтай. Нөгөөтэйгүүр, хаврын уралдаанд оролцож буй морьд зуных шиг бие хаа тэгшрээгүй, өвөлжин тэжээгдчихсэн байх хүнд үед нь хүүхэд биш “хүнээр” унуулж буй нь уламжлалаа гээж буйн тод жишээ. Эсвэл хаврын уралдаан хийх гэж уйлайрсан нэгний халхавч гэж ойлгож болмоор шиг.

ХҮЭК-оос Унаач хүүхдийн эрхийн тухай хийсэн судалгаанд  Уралдаанч хүүхдүүдээс “Ер нь хавар уралдаан хийхгүй, зөвхөн зун уралддаг бол ямар вэ?” гэсэн асуултанд хавар уралдах гоё гэж 227 буюу 42.9 хувь, 299 буюу 56.5 хувь нь зөвхөн зун уралдаад, өвөл хавар хичээлдээ явж байвал зүгээр гэж хариулсан байдаг.

Ер нь хаврын хурдан морины уралдаан хүүхдийг хичээл, сургуулиас нь чөлөө авахуулж, таслуулах зэргээр хөндийрүүлж, хоцрогдуудах, сурлагын түвшинг бууруулах, цаашилбал хичээл сургуульд дургүй болж сургуулиас гарах, завсардах зэрэг сөрөг асуудлуудыг дагуулсаар байна. Энэ нь эдгээр хүүхдүүд өсч том болон цаашид сурч боловсрох боломжийг бага наснаас нь үгүй хийж, амьдралын баталгаагүй болгож байгаа явдал юм.

Нөгөөтэйгүүр, хаврын хурдан морины уралдаан нь аймаг, хошууны бүртгэлийн дансанд бүртгэгдсэн, нийтийг хамарсан төрт ёсны түүхэн уламжлал гэдэг нь архивт хийсэн судалгаагаар тогтоогдохгүй байна гэж Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлж байна.

ЭРЛИЙЗ МОРЬД УРАЛДАХ БОЛОМЖ БҮРЭН БҮРДЭЖ БАЙНА

Уг хуулийн төслийн 8.10-т Улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр хийж буй уралдаанд сэрвээний өндөрийн стандартад тэнцсэн морийг хурдан морины уралдаанаас хасахыг хориглох тухай оруулжээ.

Өмнө нь улсын баяр наадмаар хурдан морьдыг сэрвээний өндөр, гадаад төрхөөр /үүлдэрлэг байдал/ нь ялган уралдуулж байсан. Учир нь сэрвээний өндөр нь стандартад нийцэж байгаа ч 100 хувь эрлийз морь байх тохиолдол ч байдаг. Хэрэв дээрх хуулийн заалтыг нэмж оруулбал, үндэсний баяр наадам болон бусад уралдаанд эрлийз морьд уралдах бүрэн боломжтой болох юм.