ВИДЕО: Тогтоол усанд живж, амиа алдсан дөрвөн хүүхдийн хэрэг өршөөлд хамрагдаж, ХЭРЭГСЭХГҮЙ болжээ

ВИДЕО: Тогтоол усанд живж, амиа алдсан дөрвөн хүүхдийн хэрэг өршөөлд хамрагдаж, ХЭРЭГСЭХГҮЙ болжээ

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2020 оны тавдугаар сарын 27-нд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-ийн урд хашаан доторх тогтоол усанд тоглож байсан хүүхдүүд живж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

ВИДЕО: 

Тодруулбал, “Хан талст” компанийн эзэмшлийн хашаанд үүссэн тогтоол усанд барилгын хөөсөнцөр дээр хөвөн тоглож байсан гурван айлын дөрвөн хүүхэд усанд живж, амиа алдсан байдаг. Тэгвэл эл хэрэг хэрхэн шийдэгдсэн, тухайн газар өдгөө ямар нөхцөл байдалтай байгаа талаар бид нэхэн сурвалжиллаа.

Хэрэг гарах үеэр "ус тогтоод" байсан газрыг шороогоор даржээ. 2022.06.21

-ХЭРЭГ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТАД БАЙХДАА ӨРШӨӨЛД ХАМРАГДАЖ, ХЭРЭГСЭХГҮЙ БОЛЖЭЭ-

Амь хохирогч 11-14 насны дөрвөн хүүхэд осолдож, харамсалтайгаар амь насаа алдсан хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Хан талст" ХХК-ийн захирал Ш.Бат-Энхэд холбогдох хэргийг 2021 онд батлагдсан Өршөөлийн тухай хуульд хамруулж, хэргийг прокуророос хаасан байна. Тодруулбал, 2020 оны тавдугаар сарын 27 /2022.05.27/-ны өдөр тогтоол усанд живж амь насаа алдсан дөрвөн хүүхдийн хэргийн тав дахь удаагийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн оны гуравдугаар сарын 19 /2021.03.19/-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалт явуулах шаардлагатай гэж үзээд прокурорт буцаасан байдаг.

Тэгвэл эл хэргийн нэмэлт мөрдөн байцаалт явагдаж байх үед буюу 2021 оны долдугаар сарын 2 /2022.07.02/-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж, улмаар эл хэрэг өршөөлд хамрагдсан байна.

Өршөөлийн тухай хуульд хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол өршөөл хамруулахгүй байхаар заасан. Гэвч дээрх хэргийг “Болгоомжгүй хүн алах” гэдэг зүйл ангиар шалгаж байсан учраас тухай заалтаар Өршөөлийн тухайн хуульд хамруулж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Эл хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн дуусаагүй, хохирлын асуудал шийдэгдээгүй байхад хэргийг хаасан учир тухайн үед өмгөөлөгчид нь Нийслэлийн прокурорын газар, Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргасан ч Улсын ерөнхий прокурор /УЕП/-оос Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл тогтоол усанд живж нас барсан дөрвөн хүүхдийн "Хан талст" ХХК-ийн захирал Ш.Бат-Энхэд холбогдох хэрэг мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болжээ.

Хэрэг гарах үеэр "ус тогтоод" байсан газрыг шороогоор даржээ. 2022.06.21

-НАДАД ХОХИРОЛ БАРАГДУУЛЖ БАЙНА ГЭЭД 40 САЯ ТӨГРӨГ ӨГСӨН. ТЭГЭЭД ДАХИН ХЭЛ АМ ХИЙГЭЭГҮЙ-

Тиймээс бид харамсалтайгаар амь насаа алдсан нэг айлын хоёр хүүхдийн ар гэртэй холбогдож, уг хэрэгт холбоотойгоор хохирлоо барагдуулахаар Иргэний хэргийн шүүхэд хандсан эсэхийг тодруулахад “Миний хоёр хүүхэд тоглох гэж гэрээсээ гараад тогтоол усанд живж амь насаа алдсан. Гэвч энэ хэрэг Өршөөлийн тухай хуульд хамрагдаад хаагдчихсан. Тухайн үед ковидтой байсан учраас бид хаана, хэнд хандахаа мэдэхгүй байсан. Бидэнд хохирол барагдуулж байна гээд 40 сая төгрөг өгсөн. Тэгээд бид дахин хэл ам хийгээгүй.

Энэ хэрэг шүүхээс олон удаа буцаж байсан. Өршөөлийн хуульд хамруулах гээд ингэж буцааж байсан юм болов уу гэж харддаг. Эрх мэдэл, мөнгөтэй хүмүүс бүхнийг өөрийн талд шийддэг болохоор бид тэгэс хийгээд л чимээгүй болсон. Ер нь бол Монголд хууль ингэж л үйлчилдэг юм байна гэж бодож сууна” гэсэн юм.

Хэрэг гарах үеэр "ус тогтоод" байсан газрыг шороогоор даржээ. 2022.06.21

Хариуцлагагүй, эрх мэдэлтний буруутай үйл ажиллагааны золиос болж, хорвоог орхисон бяцхан хөвгүүдийн амь 40 сая төгрөгөөр “үнэлэгдэж”, хэрэгт яллагдагчаар татагдаад байсан компаний захирал өршөөлд хамрагдсан нь хэр шударга вэ. Тус хэрэг ковидын дуулианд дарагдаж, олны анхаарлаас хол шийдэгдэв үү, эсвэл хэрэг өршөөлд хамрагдахад хэн нэгэн нөлөөлөөгүй биш биз гэх хардлага, асуулт хариултгүй үлдэж байна. 

Ц.Хүслэн

 




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө