Ирэх сард сайжруулсан түлшээр нийтийн сонсгол зохион байгуулахаар товлов

Ирэх сард сайжруулсан түлшээр нийтийн сонсгол зохион байгуулахаар товлов

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын тэргүүлчдийн ээлжит хуралдаан өнөөдөр /2019.10.15/ боллоо. Улмаар ирэх арваннэгдүгээр сарын 4-нд сайжруулсан шахмал түлшээр нийтийн сонсгол зохион байгуулахаар товлолоо.

Засгийн газраас энэ оны тавдугаар сараас эхлэн Улаанбаатар хотын хэмжээнд түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, орлуулж “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлш хэрэглээнд нэвтрүүлэхээр болж, холбогдох шийдвэр гаргасан. Гэтэл уг түлшийг хэрэглэх шатанд иргэд угаарын хийнд хордож, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ асуудалтай холбогдуулж, нийтийн сонсгол зохион байгуулах санаачлагыг өнгөрсөн долоо хоногт НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргасныг МАН-ын бүлгийн гишүүд мөн дэмжин, НИТХ-ын даргад хүсэлтээ хүргүүлээд байсан билээ.

Нийтийн сонсголд эрдэмтэн, судлаачид, шийдвэр гаргагчид, мэргэжлийн байгууллагууд, үйлдвэрлэгчид болон иргэдийн төлөөлөгчид оролцох боломжтой юм.

Олон нийтийн мэдээлэл, ойлголтыг нэгтгэх үүднээс сонсгол хийх санаачилгыг гаргасан байдаг. Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар Хурлын нийт төлөөлөгчдийн дөрөвний нэгээс доошгүй төлөөлөгч хүсэлт гаргасан бол Ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулдаг. Энэ нь НИТХ-ын анхны сонсгол болох аж.