ТОДРУУЛГА: БНХАУ-руу зорчиход Монголд 5 хоногт тусгаарлагдахгүй, Хятадад 10-14 хоногт тусгаарлагдана

ТОДРУУЛГА: БНХАУ-руу зорчиход Монголд 5 хоногт тусгаарлагдахгүй, Хятадад 10-14 хоногт тусгаарлагдана

Монгол Улсаас БНХАУ руу зорчиход мөрдөгдөх “тусгаарлалтын журам цуцлагдсан” гэх мэдээлэл цахим орчинд гарч, зарим иргэд “эдийн засаг сэргэх нь” хэмээж буй. Тодруулбал, тус бичигт “7 дугаар сарын 1-нээс эхлэн Монгол Улсаас БНХАУ руу зорчих иргэдэд ямар нэгэн тусгаарлалтад хийхийг албан ёсоор зогссон” гэжээ.

Хуурамч мэдээлэл

Тэгвэл бид энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, “Манай улсад суугаа БНХАУ-ын элчин сайдын яамны бичиг гэгч нь хуурамч. Учир нь элчин сайдын яам албан бичгээ Монгол хэл дээр үйлдэхгүй. Мөн тус бичигт байгаа үг, үсгийн алдаа нь үүнийг хуурамч гэдгийг илтгэнэ. Нөгөөтэй, Монголоос Хятад руу зорчиход мөрдөгдөх тусгаарлалтын журмыг цуцалсан гэх мэдээлэл манай ГХЯ болон БНХАУ-д суугаа манай элчин сайдын яамд огт ирээгүй” гэсэн юм.

Харин манай улсад суугаа БНХАУ-ын элчин сайдын яамны хэвлэлийн алба, “Өнөөдөр /2022.07.01/-өөс Монгол Улсаас БНХАУ руу зорчих иргэд Монголдоо тусгаарлагдах шаардлагагүй болж байгаа нь үнэн. Гэхдээ онгоцонд суухаас өмнө заавал PCR шинжилгээ өгөх учиртай. Онгоцноос буугаад Хятадын хот бүрд тусгаарлалтын хоног өөр, өөр байгаа. Тиймээс тэр журмын дагуу онгоцноос буугаад заавал тусгаарлагдах ёстойг анхааруулж хэлье. Ихэнх хотууд 10-14 хоногийн тусгаарлалт мөрдөгдөж байгаа” гэж itoim.mn сайтад мэдээлэл өгчээ.

Мөн БНХАУ-аас манай улсад суугаа элчин сайдын яамны консулын хэлтэс ч “Шуурхай анхааруулга” гэх мэдээллийг гаргаж, үүгээрээ “Монгол улсаас БНХАУ руу зорчих иргэд тусгаарлалтад орохгүй гэх мэдээлэл нь худал” гэдгийг анхааруулжээ.  

БНХАУ-аас манай улсад суугаа элчин сайдын яамны консулын хэлтсийн мэдээлэл

Сонирхуулахад, энэ сарын 5 /2022.07.05/-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Гуанжоу, Хөх хот руу нислэг хийх юм. Улаанбаатар хотоос Хятад улс руу зорчих иргэд нисэхээсээ өмнө тав хоног тусгаарлагдана. Мөн тус улсад очсоныхоо дараа 14 хоног тусгаарлагдаж, тусгаарлалтын зардлыг 100 хувь өөрөө хариуцна гэдгийг ИНЕГ-аас мэдээлсэн билээ. Тэгвэл Хятад руу явах хүмүүс Монголд тав хоног тусгаарлагдахгүй, харин БНХАУ-д 10-14 хоногт тусгаарлагдах ажээ.