ШУУРХАЙ: Д.Алтанхуягийг сулласан ч үргэлжлүүлэн хорих прокурорын саналыг өнөөдөр шүүхээр хэлэлцэх аж

2022-07-05 15:36

Д.Алтанхуяг: Бухимдлаа барьж чадалгүй зохисгүй үйлдэл гаргасандаа намын гишүүдээсээ уучлалт хүсэж байна /LIVE/

Өнгөрсөн долоо хоногт АН-ын их хурлын үеэр /2022.07.02/ тус намын гишүүн Д.Алтанхуяг С.Эрдэнийг түлхэн унагаж, зодсон гэх хэрэгт холбогдож түүнийг 48 цагийн хугацаатай саатуулсан. Тэгвэл өнөөдөр /2022.07.05/ түүний цагдан хорих хугацаа дууссан тул үргэлжлүүлэн хорих саналыг прокурорын байгууллагаас гаргасан тул шүүхээр хэлэлцэж, цагдан хорихгүй гэсэн шийдвэрийг гаргажээ.

АН-ын гишүүн Д.Алтанхуяг, “Миний хувьд АН-ын хуралд төлөөлөгчөөрөө оролцоод хурлыг дэгийн дагуу явуулаачээ гэдэг шаардлага тавьсан. Энэ хурал дэгийнхээ дагуу яваагүй. Зохиомол жүжиг хэлбэрээр явсан учраас би бухимдлаа илэрхийлсэн. Үзэл бодлоо илэрхийлье, үгээ хэлье гээд бухимдлаа илэрхийлсэн. Энэ нөхцөл байдлыг давсалж, зохиомлоор өөр нотлох баримтууд олдсон мэтээр олон нийтэд ойлгуулж, хутга мэс ашиглаж хүний амь насанд халдахыг завдсан, орон гэрийн шатаах гэж оролдсон гэх мэт ийм байдлаар гүтгэж түүнийгээ цагдаад гомдол болгож өгөөд энэ дагуу 30 хоног цагдан хорих санал гараад явсан. Ер нь ямарваа нэгэн улс төрийн намын хурал дээр тухайн намын гишүүн удирдлагууддаа хандаж тавьсан ширүүхэн шаардлага, тэр сэтгэл хөдлөл болгоныг заналхийллээ гэж авч үзэх юм бол энэ улс төрийн нам чинь өөрөө яаж цаашаагаа шийдвэр гаргаж, хөгжиж явах юм бэ. Шүүх шударга шийдсэн байх гэж бодож байна. Миний хувьд бол тухайн үед хүнд гэмтэл авсан. Арав гаруй хүн тал талаас зодсон, цохисон. Энэ асуудал бас давхар шалгагдаад явах байх. Миний зүгээс миний биед мэсний зүйл огт байхгүй. Харин миний зүгээс дахин хэлэхэд Ардчилсан үзэлтэй АН-ын гишүүд, төлөөлөгчид та бүхнээс уучлалт хүсье” гэв.

LIVE:

2022-07-05 10:38

ШУУРХАЙ: Д.Алтанхуягийг сулласан ч үргэлжлүүлэн хорих прокурорын саналыг өнөөдөр шүүхээр хэлэлцэх аж

АН-ын Их хурлын үеэр /2022.07.02/ тус намын гишүүн Д.Алтанхуяг С.Эрдэнийг түлхэн унагаж, зодсон гэх хэрэгт холбогдож, түүнийг 48 цагийн хугацаатай саатуулсан.

Тэгвэл Д.Алтанхуягийг шүүгчийн захирамжгүй саатуулсан хугацаа дуусаж, түүнийг өчигдөр /2022.07.04/ сулласан байна. Тодруулбал, С.Эрдэнэ гэмтлийн зэргээ тогтоолгохоор шүүх эмнэлэгт хандсан. Харин шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа учир прокурорын байгууллагаас Д.Алтанхуягийг бусдыг "заналхийлсэн" гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Тиймээс түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг прокурорын байгууллагаас гаргасан байна. 

Харин Д.Алтанухягийг үргэлжлүүлэн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүх хурал өчигдөр /2022.07.04/ зарлагдаагүй аж. Тиймээс түүнийг цагдан түр саатуулсан 48 цагийн хугацаа дууссан тул ийнхүү суллажээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Алтанхуягийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэх шүүх хурал өнөөдөр /2022.07.05/ товлогдох юм байна. 

Ташрамд өгүүлэхэд, энэ хэргийн талаар С.Эрдэнийн хувийн өмгөөлөгч Г.Батбаяр мэдээлэл хийж, “Иргэн А гэгч этгээд АН-ын дарга С.Эрдэнийн амь нас эрүүл мэндэд халдахаар улайран дайрч түүнийг бэртээж, гэмтээсэн. Түүний биеэс хутга, мэсний төрлийн зүйл гарсан. Энийг цагдаагийн байгууллага баримтжуулж нотолсон” гэж мэдэгдсэн юм. 

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, Д.Алтанхуягийн биеэс хутга мэсний зүйл илрээгүй, харин тухайн хурал зохион байгуулж байсан газраас хоолны ширээний хутга олдсон байдаг. 

Эрүүгийн тухай хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, "Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заажээ.