Архангай аймагт болсон хүчтэй шороон шуурганы улмаас хоёр суманд 31 гэр нуржээ

Архангай аймагт болсон хүчтэй шороон шуурганы улмаас хоёр суманд 31 гэр нуржээ

Архангай аймагт болсон хүчтэй шороон шуурганы улмаас хоёр суманд 31 гэр нурсан тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, Тус аймгийн нутагт долдугаар сарын 2,3-нд болсон хүчтэй шороон шуурганы улмаас Тариат суманд 28 гэр, Цахир суманд гурван гэр нурж, дахин ашиглах боломжгүй болжээ.

Архангай аймгийн Тариат сумын Алтай багийн “Наран” гэдэг газарт долдугаар сарын 02-ны өдрийн 13:30 цагийн орчимд 18-20 м/сек хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас 28 гэр нурсан тухай дуудлагыг долдугаар сарын 04-ний өдрийн 12:50 цагт хүлээн авсан байна.

Шуурганд малчин М-ын 5 ханатай 1 гэр, иргэн М-ын “Майхан толгой” амралтын газрын 27 гэр нурж, эвдэрсэн тухай мэдээллийг Тариат сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Мөн тус аймгийн Цахир сумын Хан-Уул багийн “Цойруутын-Ам” гэдэг газар долдугаар сарын 03-ны өдрийн 13:00 цагийн орчимд 14-16 м/сек хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас тухайн газарт нутаглаж байсан 2 өрхийн 3 гэр нурсан тухай мэдээллийг долдугаар сарын 04-ний өдрийн 09:40 цагт хүлээн авсан байна.

Шуурганд малчин М-ын 5 ханатай 1 гэр, малчин Х-ийн 5 ханатай 2 гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн тухай мэдээллийг Цахир сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт хүргүүлжээ.