ВИДЕО: Гэрийнхээ гадна тоглож байсан охиныг автомашин ухрахдаа дайрч, хүнд гэмтээжээ

ВИДЕО: Гэрийнхээ гадна тоглож байсан охиныг автомашин ухрахдаа дайрч, хүнд гэмтээжээ

Өнгөрөгч амралтын өдөр буюу бямба гарагт гэрийнхээ гадна тоглож байсан найман настай охиныг автомашин ухрах хөдөлгөөн хийж байхдаа мөргөж, хүнд гэмтэл учруулсан харамсалтай осол болжээ. Одоогоор охин ослын улмаас хүнд бэртэл авч ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна.

-ОХИН ОДООГООР ГССҮТ-Д БИЕИЙН БАЙДАЛ МУУ ХЭВТЭН
ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА-

Жолооч тухайн охиныг мөргөсөн гэдгээ мэдэлгүй урагш хойш хөдөлгөөн хийсэн нь охиныг ихээр гэмтээжээ. Харин уг ослыг харсан эмэгтэй жолоочид хэл дуулгаснаар жолооч хөдөлгөөнөө зогсоож улмаар охиныг эмнэлэгт хүргэсэн байгаа юм. Энэ мэтчилэн жолооч нарын хайхрамжгүй байдлаас үүдэн бага насны хүүхэд гэрийнхээ гадна байсан ч автомашинд мөргүүлэн хүнд гэмтэл авах цаашлаад амь насаараа хохирсоор байна.

Охины аав хэлэхдээ: Хүүхэд болгон байрныхаа гадна болон гэрийнхээ гадна тоглоод байж байдаг шүү дээ. Гэтэл машинд мөргүүлчихлээ гэсэн мэдээллийг анх сонсоод итгээгүй. Ирээд харахад маш хэцүү байсан.

Одоогоор миний охины биеийн байдал маш хүнд байна. Тархиндаа хүнд доргилттой, хамрын яс хугарсан, хацар болон эрүүндээ хүнд бэртэлтэй, доод шүдэндээ бэртэлтэй, багагүй тооны язралтай, нуруу нугасны хүнд бэртэлтэй гэх мэтчилэн олон бэртэл авсан байсан. Гэрийнхээ хажууд байгаа юм чинь гээд гаргаад явуулсан байсан. Гэтэл гэрийнхээ гадны ингэж бэртэж, осолд орно гэж бодоогүй.

ВИДЕО ҮЗЭХ:

-УХРАХ ХӨДӨЛГӨӨН ХИЙЖ БАЙГАА ЖОЛООЧ НАРЫН АНЗААРАГГҮЙ БАЙДЛААС БОЛЖ 9 ХҮҮХЭД НАС БАРСАН-

Баянгол дүүргийн Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Отгонтамираас тодрууллаа.

-“Энэхүү ослын хэрэг Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтэст шалгагдаад явж байна. Нийслэл хотын хэмжээнд тээврийн хэрэгсэл ухрах хөдөлгөөн хийж байхдаа бага насны хүүхдийг анзааралгүй мөргөж амь насыг нь хохироосон хэрэг 9 гарсан. Дээрх ослууд гэрийнхээ гадны орон сууцны хороолол дунд хэдөлгөөн хийж байхдаа мөргөсөн байдаг.

Нийт жолооч нар байрны гаднаас тээврийн хэрэгслээ хөдөлгөж явахдаа зам болон орчныхоо нөхцөл байдлыг сайтар шалгах хэрэгтэй. Мөн жолооч нар утсаа оролдож хөдөлгөөн эхлүүлэхдээ анзаараггүй байна. Гэтэл үнэндээ бага насны хүүхдүүд хажууд нь суугаад тоглож байх жишээтэй. Энэ тал дээр Тээврийн цагдаагийн албанаас жолооч нарыгаа анхаарал болгоомжтой байхыг сануулж байна” гэв.