О.Гантулга: Ардчилсан  намаас хөөгдсөн гишүүд сошиалд худал мэдээлэл тарааж байна

О.Гантулга: Ардчилсан намаас хөөгдсөн гишүүд сошиалд худал мэдээлэл тарааж байна

Дархан-Уул аймгийн Ардчилсан намын удирдлагууд хэвлэлийн бага хурал зохион байгуулж, сошиалд түгж буй ташаа мэдээллийн талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга О.Гантулга: Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүд Ардчилсан намын дарга С.Эрдэнийг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэллээ" гэх  мэдээлэл сүүлийн өдрүүдэд сошиалд тарсан. Энэхүү мэдээлэл нь худал бөгөөд  "Шинэчлэлийн хөдөлгөөн" гэх хэсэг залуус улс төрийн зорилгоор сошиалд ташаа мэдээлэл түгээж байгаад харамсч байна. Дархан-Уул аймгийн Ардчилсан намын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд Үндсэн дүрмээ шинэчлэн баталсан. Тиймээс ч  анхан, дунд аль ч шатандаа бид өнөөдрийг хүртэл  Үндсэн дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Гэтэл “Шинэчлэлийн хөдөлгөөн” гэх хэсэг залуус гүтгэлгийн шинж чанартай, хуурамч мэдээллийг сошиалд түгээж байна. Сонгууль дөхсөн энэ үед улс төрийн зорилгоор энэхүү хуурамч мэдээллийг тарааж байгаа нь харамсалтай. “Шинэчлэлийн хөдөлгөөн”-ийнхөнтэй уулзсан хүмүүсийн дунд Ардчилсан намын гишүүд байгаагүй. 2012  оноос хойш МАН-тай үгсэн хуйвалдаж, намын хорооны шийдвэрүүдийг удаа дараа зөрчсөний улмаас шийтгэл ногдуулсан хүмүүс “Шинэчлэлийн хөдөлгөөн”-д байгаа. Тухайлбал, Д.Баянмөнх гэгч нь Ардчилсан намын бүртгэлд байхгүй. 2008 оноос хойш Ардчилсан намын эсрэг үйл ажиллагаа явуулдаг, иргэд сонгогчдыг төөрөгдүүлдэг, МАН-аас нэр дэвшигчдийг дэмжих үйл ажиллагааг удаа дараа явуулсан.

Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дэд дарга Д.Дарханбаяр: “Шинэчлэлийн хөдөлгөөн” нэртэй хэсэг, бүлэг хүмүүс иргэд, сонгогчдыг төөрөгдүүлж, худал мэдээлэл тарааж, улс төрийн тохиролцоонд хүрч, өөрсдийгөө албан тушаалд томилуулах зорилгоор хийж байгаа үйлдэл. Д.Баянмөнх тэргүүтэй залуус 2012-2016 онд аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Тухайн үед МАН аймгийн ИТХ-д олонх болсон. Гэтэл тухайн үед Д.Баянмөнх нь МАН-ын талд санал өгснийхөө хариуд аймгийн Засаг даргын орлогчоор ажилласан байдаг. “Шинэчлэлийн хөдөлгөөн” гээд байгаа залуус ийм л учиртай хүмүүс.

Ардчилсан наммын мянга, мянган гишүүдийн эрх ашгаас амин хувийн өчүүхэн эрх ашгаа дээгүүрт тавьж, албан тушаал горьдож ийм ажиллагаа явуулдаг. Удахгүй 2020 оны сонгууль болох гэж байна. Үүнийг угтсан ээлжит ажиллагаа л явагдаж байна. “Шинэчлэлийн хөдөлгөөн” гээд орилж эхэлсний зорилго нь Дархан-Уул аймагт Ардчилсан намыг өвдөг шороодуулж, МАН-ыг ялалтад хүргэх. Түүнээс биш Ардчилсан намын төлөө, ардчиллыг дэмжигч гишүүдийн төлөө гэх өчүүхэн сэтгэл байхгүй. Үүнийг иргэд, дэмжигчид маань ойлгоосой, ялгаж салгаасай. Сошиалд худлаа мэдээлэл тарааж, гүтгээд байгаа хүмүүс чинь Ардчилсан намын бүртгэлд байхгүй, Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй хүмүүс шүү. Тэд  2016 оны сонгуулиар ч ялгаагүй Ардчилсан намын эсрэг үйл ажиллагаа явуулж байсан шүү дээ. Хариуд нь МАН-ынх биш хэрнээ өнөөдөр тодорхой албан тушаал хашаад явж байна. Энэ бол Ардчилсан намын эсрэг ажилласныхаа төлөө хүртсэн албан тушаалын “бялуу” байхгүй юу гэсэн юм.




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө