ҮЗЭХ: 2020 оны төсвийг хуваарилахдаа аймгуудыг ялгаварлан гадуурхсан байна

ҮЗЭХ: 2020 оны төсвийг хуваарилахдаа аймгуудыг ялгаварлан гадуурхсан байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2020 оны улсын төсвийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Засгийн газрын гишүүд хариулт өгч байгаа юм. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Уул, уурхайгаас 3.1 их наяд төгрөгийг олохоор болжээ. Тэгвэл хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрлэлээс хэдийг олохоор байна вэ? ЖДҮХС-г алдаа дутагдал гаргаснаасаа болоод тас хааж болохгүй. Та бүхний сүүлийн барьж байгаа бодлого болж байна. Одоо сангийнхаа хэмжээг нэмэгдүүлээд өгөөч гээд байгаа. Яг ямар үйлдвэрлэл хөгжүүлэх вэ? Дэлхийд 20 тэрбум долларын ноолуурын зах зээл эргэлдэж байгаас 50 хувийг нь монгол ямаа эзэлж байгаа. 

Төсөв дээр ялгавартай зүйл их гарч байна. Ганц гишүүнтэй дөрвөн аймаг  байгаа. Төсвийн хуваарилалтыг гишүүдийн тоогоор хийж байгаа юм уу?

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр нэгдсэн сан бий болгож, урамшуулал, татаас төвлөрүүлэх арга хэмжээ авахаар тусгасан. Энэ санд 66 тэрбум төгрөгийн арга хэмжээ туссан байгаа. Энэ сангаас мах, улаанбуудай, арьс ширний урамшуулалд зарцуулна. Өнөөг хүртэл явж ирсэн урамшуулал, татаас эдийн засгийн хувьд үр ашиггүй, гажуудалтай байсныг засч залруулна. Жишээлэхэд, улаанбуудайн урамшууллын хэмжээг нэмэгдүүлсэн. Ноосны урамшууллыг экспортын чиглэлтэй уялдуулна. Дарханд арьс ширний үйлдвэр иж бүрнээр боловсруулах цогцолбор байгуулна. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: -Бид төсвийн зардлаа харж байгаа хамгийн том хэсгээс нь оролдсон. Өндөр хүүтэй, богино хугацаатай авсан зээлүүдээ бид бүгдийг буцааж төлсөн. 1.4 их наяд төгрөг төлөгдөж байсан зардал буусан. Үүний дараагаар цалингийн нэгдсэн сан, төрийн үйлчилгээнүүдийг цахимжуулах чиглэлээр санал санаачлага гарган ажиллаж байгаа. Цахим болговол мөнгө хэмнэлт гарна. Төрийн 185 үйлчилгээг цахим хэлбэрт оруулсан. Түгжрэлд өчнөөн цаг явдаг, банк хайж гүйдэг асуудлыг зохицуулсан. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:-Концессийг үргэлжлүүлэх, үлдэгдэл мөнгийг нь өгөхөөр тусгажээ. Гэвч концессаар компаниуд дүнгээ өсгөж аваад байна уу гэж хардаж байна. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: -Монгол Улсад хэрэглэгддэг нэгж төгрөг. Энэ төгрөг хөдлөхөөр дагаад хөдөлдөг. Ханшийг нь тавиад санхүүжилт хийгдэх үеийнх нь тооцоогоор өгнө гэж байгаа. Гэтэл шүүхэд өгдөг. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: -Хэнтий аймагт 235 тэрбум, Архангай аймагт 139 тэрбум, Дорнод, Сүхбаатарынх 30-35 тэрбум төгрөг байна.  Яагаад эдийн засгийн чиг хандлагаа харж чадахгүй байна вэ? Дархан, Эрдэнэт, Улаанбаатар, Төв аймаг гэсэн газрууддаа яагаад хөрөнгө оруулалтыг хасдаг вэ. Тусгай сангуудаа хассан байна. Төрийн бүх албад "ланд-200" авч унасан гэж үнэн үү? Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд иргэдээ ядуурлаас гаргая гэчихээд иргэдээ гурван жил хэрэлдүүлчихээд энэ сонгуулийн жил төсвөө нэмж суулгаж байна. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: -Зүүдээ ярих гээд хулгайгаа яриад байх шиг. 2014 оноос хойш нэмэгдээгүй байсан цалинг бид хоёр жил дараалаад инфляцийн түвшинтэй уялдуулж нэмж байгаа. Аялал жуучлал Монгол Улсад том байр суурь эзлэх ёстой.  Эзэн Чингис гээд бид ярих дуртай. Аялал жуулчлалын бүс гээд сонгосон. Тэнд зам ч юм уу, бага сага хөрөнгө оруулалт тавихаар "илүү байна, гадуурхлаа" гэдэг чөтгөрийн сэтгэлгээгээсээ салах хэрэгтэй. Аялал жуулчлалын бүс болгож байгаа бол гадна дотнын бүх хүн очно. Аялал жуучлалын бүс гээд нэг ирсэн хүн дахин дахин ирж байгаасай гэсэн хүсэлтэй байна. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.