Угаарын хий хэмжигч төхөөрөмж бүтээсэн багийн гишүүн Б.Наранбаттай ярилцлаа

Угаарын хий хэмжигч төхөөрөмж бүтээсэн багийн гишүүн Б.Наранбаттай ярилцлаа

Isee.mn мэдээллийн сайтын сурвалжлах баг Физик, технологийн хүрээлэнг зорилоо. Энд нам, гүм байх аж. Эрдэмтэд өрөө, өрөөндөө өөрийн хийж буй ажилд бүх анхаарлаа хандуулан өөр юуг ч үл анзааран чамбай гэгч нь ажиллаж байна.

Бидний энд ирсэн зорилго бол Монголд анх удаа угаарын хий хэмжигч төхөөрөмжийг бүтээсэн эрдэмтэдтэй уулзаж, ярилцах байв. Зорьсныхоо дагуу бид эрдэмтэн залуустай уулзаж бүтээсэн төхөөрөмжийнх нь талаар хөөрөлдлөө.

Өчигдрийн мэдээллээр угаарын хийд хордсон иргэдийн тоо 300 хүрээд байна. Тэднээс долоо нь амиа алдсан. Иргэд олноор угаартаж буй учир Улаанбаатарт оршин суугаа 200 гаруй мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг суурилуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Засгийн газрын шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргын тамгын газар БНХАУ-аас угаарын хий мэдрэгч худалдан авч ирэх сараас эхлэн айлуудад суурилуулахаар бэлтгэж байна. Угаарын хий төхөөрөмжийг нэг удаа айлуудад үнэгүй тараах бөгөөд цаашид ч зайлшгүй хэрэглэх нь тодорхой байгаа юм. Шахмал түлш хэрэглэж буй цагт угаарын хий мэдрэгч төхөөрөмж нь айл, өрхүүдийн зайлшгүй хэрэгцээ болох нь тодорхой байна.

Улаанбаатарын айлуудад угаарын хий мэдрэгч тараана гэхтэй зэрэгцэн олны анхаарлыг татсан мэдээлэл бол Монгол эрдэмтэд энэ төрлийн төхөөрөмжийг бүтээсэн тухай байсан юм.

Тодруулбал, Б.Наранбат, Б.Зандан, Б.Мэндбаяр, н.Наранцэцэг зэрэг эрдэмтнээс бүрдсэн баг олон жилийн судалгааны үр дүнд өөрсдийн цуглуулсан мэдлэг, мэдээлэлд үндэслэн уг төхөөрөмжийг бүтээсэн байна. Ингээд Монголд анх удаа угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг бүтээсэн багийн гишүүн, Физик, технологийн хүрээлэнгийн физик, электроникийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Наранбатын ярилцлагыг хүргэж байна.

-БИД ТӨХӨӨРӨМЖӨӨ ЗУРГААН ХОНОГТ Л УГСАРСАН-

-Монгол эрдэмтэд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг бүтээсэн нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Уг төхөөрөмжийг бүтээх санаа юунаас үүдэлтэй вэ?

-Иргэд угаарын хийд хордож байна гэх шуугианы үеэр мэдрэгч төхөөрөмжөө бүтээсэн. Бидний ажилладаг лабораторийн үйл ажиллагааны чиглэл угаарын хийтэй холбогддоггүй. Ердөө л физик процесст суурилсан туршилт судалгааг автоматжуулах ажлыг хийдэг. Хийдэг ажлынхаа хүрээнд бүх төрлийн хийг мэдэрдэг, анализ дүн шинжилгээ хийх багажийг зохион бүтээх зорилтыг нэг жилийн өмнөөс тавиад судалгааны ажлаа хийгээд явж байсан. Гэхдээ төхөөрөмжөө хийгээгүй байсан юм. Мэдээллээ л цуглуулж байсан гэсэн үг. Харин саяхны шуугианы үеэр “Бүгдээрээ энэ төрлийн судалгааны ажлыг хийсэн. Тиймээс төхөөрөмжөө хийвэл яасан юм” гэж ярилцсан. Тэгээд л төхөөрөмжөө хийсэн. Та бүхний харж буй шиг хэлбэртэй төхөөрөмжийг бүтээхэд зургаан хоног зарцуулагдсан.

-Өөрсдийн бүтээсэн төхөөрөмжийг бидэнд танилцуулахгүй юу. Зах зээлд худалдаж буй төхөөрөмжтэй харьцуулж үзсэн үү?

-Яг өнөөдрийн байдлаар Монголын зах зээлд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг худалдаж байгааг олж хараагүй л байна. Гадаадаас угаарын хий мэдрэгчийг оруулж ирвэл бид яг лабораторидоо харьцуулж үзэх сонирхол маш их байгаа. Гадны улсуудад борлогдож буй угаарын хий мэдрэгч төхөөрөмжүүдийн мэдээллийгинтернетээс авч харж харьцуулсан. Гэхдээ интернетэд тус төхөөрөмжийн зөвхөн техникийн үзүүлэлтүүд нь тавигдсан байна лээ. Түүнээс яг яаж ажилладаг нарийн зарчмыг нь бичээгүй байсан. Гэхдээ бид угаарын хий мэдрэгч төхөөрөмж ямар байвал зөв бэ гэсэн арга зүйн дагуу ажиллаж, Монгол улсад мөрдөгдөж буй стандартад ойртуулж хэмжилтийн арга зүйг нь боловсруулсан юм. Үүнийгээ программ болгон хувиргасан. Дараа нь хувиргасан программынхаа дагуу ажиллаж чадахаар схем, техникийн шийдлийг гаргасан. Ингээд шаардлагатай төхөөрөмжүүдийг угсарч бүтээгдэхүүнээ гаргасан. Гэхдээ стандартын дагуу хийгдсэн эсэхийг бид биш Стандарт хэмжил зүйн газар болон бусад албаны байгууллагууд тодорхойлно. Тэд тодорхой техникийн нөхцөлийг тавих л байх.

-Уг төхөөрөмжийг зургаан хоногийн дотор бүтээсэн гэхээр их амархан бүтсэн юм шиг санагдах байх. Та үүнд ямар тайлбар хийх үү?

-Сонсохоор тэгэж санагдаж магадгүй юм. Бид олон жил судалж, мэдсэн байсан. Тэр мэдлэгээ угаарын хий мэдрэгч төхөөрөмж болгон хувиргах процессдоо зургаан хоногийг зарцуулсан юм. Түүнээс үүнийг бүтээх мэдлэгүүдийг бий болгоход хэд хоног, хэчнээн хугацаа зарцуулсныг хэлж мэдэхгүй шүү дээ.

-Та бүхний бүтээсэн угаарын хий мэдрэгч төхөөрөмж ахуйн нөхцөлд айл өрхүүд хэрэглэхэд зориулагдсан юм уу. Эсвэл арай талбай томтой объектод хэрэглэгдэх үү?

-Тэнд, энд ашиглана гэдгийг тодорхой болгоогүй. Энэ төхөөрөмжийн техникийн үзүүлэлтээр бол тасалгааны угаарын хийг хэмжих боломжтой. Мөн тодорхой горимын дагуу ажиллуулбал илүү сайн хэмжиж, үр дүнгээ өгч чадна гэсэн. Тэгэхээр бид тэр горимынх нь дагуу л ажиллуулж байгаа гэсэн үг. Агаарт буй хийг хэмжих нь шанагаар ус хутгаад хэмжихтэй ижил зүйл биш шүү дээ. Төхөөрөмж ажиллагааныхаа явцдаа өөрийгөө тодорхой хугацаанд цэвэрлээд дараагийнхаа хэмжилтийг авахад бэлддэг. Тэр нь хагас дамжуулагч дээр суурилсан, физик химийн процесс л явагдаж байна гэсэн үг юм. Уг төхөөрөмж угаарын хийг шингээж аваад хэмжсэнийхээ дараа буцаагаад өөрийгөө цэвэрлэдэг, дахиад шингээх процесс явуулдаг зарчмын дагуу хэмжилтээ хийдэг. Ерөнхийдөө хэмжилт хийх хугацаа нь 150 секунд. Энэ нь ойролцоогоо хоёр минут 30 секунд юм. Энэ хугацаанд нэг удаагийн хэмжилтийг хийдэг. Хэмжилтэд өөрийгөө бэлдэж тогтвортой хэмжилт хийх ёстой. Ганц удаа хэмжээд өнгөрвөл худлаа болно шүү дээ.

-АСУУДАЛ ТУЛГАРАХАД МОНГОЛ ЭРДЭМТЭД ШИЙДВЭРЛЭЖ ЧАДДАГ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫН ТУЛД УГ ТӨХӨӨРӨМЖИЙГ БҮТЭЭСЭН-

-Та бүхэн бүтээсэн төхөөрөмжөө илүү сайжруулах, боловсронгуй болгох тал дээр судалгааны ажлаа үргэлжлүүлэх байх. Тийм үү?

-Бид ажиллаж байна. Төхөөрөмжөө хөгжүүлэхэд нэг асуудал бидний өмнө тулгараад байна. Хэр их угаарын хийг аюултай гэж үзэх юм. Яг хэдийг заахад хүнд дохио өгөх вэ гэдэг нь маш чухал байна. Стандартын хүлцэх хэмжээгээр өгчихвөл болох эсэхийг нь мэдэхгүй байна. Ерөнхийдөө горимуудад тодорхой хугацаагаар ажиллуулдаг болгох, программаа илүү боловсронгуй болгох гэсэн бодол бий. Яавал хамгийн зөв горимд ажиллуулах тал дээр туршилт хийж байна. Манай улсын 2016 онд батлагдсан стандартаар нүүрс төрөгчийн дутуу ислийн зөвшөөрөгдөх дээд хэмжээний 20 минутын дундаж утга нь метр кубд 60000 мекрограмм байна гэж зааж өгсөн. Бид энэ хэмжээг PPМ гэдэг нэгж рүү шилжүүлж болно. Төхөөрөмжид суурилагдсан мэдрэгч маань өөрөө угаарын хийг хэмжээд бидэнд өгч буй цахилгаан сигналын хэмжээ нь PPМ гэдэг нэгжид харгалзана гэсэн үг. Шаардлага гарвал бид мекрограмм, метр куб руу шилжүүлж болно. Энэ бол тооцооны л асуудал.

-Нийт иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд монгол эрдэмтэд хувь нэмрээ оруулах төхөөрөмжийг бүтээсэн нь бахархалтай. Энэ бол шинжлэх ухааны судалгааны үр дүнд бий болсон бүтээл. Нөгөөтэйгүүр хэрэглээ талаасаа шинэ юм. Та бүхэн төхөөрөмжөө бүрэн дүүрэн хийж дуусгаад худалдаанд гаргах бодол бий юу?

-Олон хүн бидэн рүү хандаж уг төхөөрөмжөө зарах уу гэж асууж байгаа. Бид уг төхөөрөмжийг бүтээсэн гол учир нь ямарваа нэгэн асуудал тулгарахад монгол эрдэмтэд, инженерүүд нь шийдвэрлэж чаддаг гэдгийг л харуулах гэсэн юм. Хугацаа нь давчуу үед лабораторийн нөхцөлд нэг төхөөрөмжийг гаргачхаж байна. Гэтэл үүнийг 200 гаруй мянган өрхөд тараана гэж ярьсан. Тэгэхийн тулд эцсийн байдлаар боловсруулах шаардлага тулгарна. Тэгэхээр цаг хугацаа орно. Бид нөөц бололцоогоо ашиглаад нэг төхөөрөмж бүтээсэн. Цаашид тоог нь нэмэхийн тулд тодорхой хэмжээний зардал гарна.

-АЛИВАА СУДАЛГААНЫ АЖИЛД ТӨРӨӨС ДЭМЖЛЭГ
ҮЗҮҮЛБЭЛ ИЛҮҮ УРАГШТАЙ БАЙДАГ-

-Нууц биш бол нэг төхөөрөмжийг бүтээхэд хэдий хэмжээний зардал гаргасан бэ?

-Баримжаагаар л хэлье. Учир нь зарим тоног төхөөрөмж нь бидэнд байсан. Заримыг нь худалдан авсан. Ер нь хайрцгаас бусад төхөөрөмж нь бидэнд байсан юм. Нэгжийн үнэ буюу лабораторийн үнээ нэмбэл 45-50 мянган төгрөгийн зардлаар нэг ийм төхөөрөмж бий болж байгаа юм. Энэ бол зөвхөн техникийн зардал. Программыг хөгжүүлэхээр ажиллах бүрт хүний хөдөлмөр орж байна. Хүний хөдөлмөрийн хөлсөө хасвал зөвхөн материалдаа 45-50 мянган төгрөг зарцуулсан гэсэн үг. 10 хувийг хийсний дараа Стандарт хэмжил зүйн газарт өгнө. Үүний дараа угаарын хий мэдрэгч хийх юм уу эсвэл өөр мэдрэгч хийх юм уу гэдгээ тодорхой болгох байх.

-Аливаа бүтээгдэхүүнд тавигддаг гол шалгуур бол чанар. Та бүхний бүтээсэн төхөөрөмж хэр чанартай вэ. Хэрвээ худалдаанд гаргавал баталгаат хугацаа өгөх үү?

-Бид өнөөдөр энэ төхөөрөмжийг таньд худалдаад баталгаат хугацаа өгнө гэсэн тооцоолол хийж үзээгүй. Гэхдээ энэ төхөөрөмжид суурилуулсан мэдрэгч тодорхой хэмжээний настай. Мөн баттерей нь тодорхой хэмжээний наслалттай. Тохирсон батарейгаа хийхээс эхлээд шаардлагууд бий. Ямар нэгэн электрон бараа тодорхой хэмжээний насжилттай шүү дээ. Бид уг төхөөрөмжийг хүмүүст өгвөл мэдрэгчийнхээ насжилтын баталгааг л өгөх байх.

-Уг судалгааны ажилд төрөөс дэмжлэг хүсэх үү?

-Ер нь эрдэм шинжилгээний судалгааны ажилд төрийн дэмжлэг маш их хэрэгтэй. Санхүүжилт сайн байвал судалгааны ажил урагштай байна.

-Физик, технологийн хүрээлэнгийн ажилтнууд сүүлийн үед шинэ содон ямар судалгааны ажлыг хийж байгаа вэ?

-Хүрээлэнгийнхээ ажлыг танилцуулах нь миний хувьд ахадна. Миний хувьд лазерын гэрэлд суурилсан 3D скайнерыг судалж байна. Манай лабораторийн ажилтан Б.зандан хүний дуу авиаг таниад команд болгох судалгааг хийж байгаа. Монгол хэлнийүгийг таниад команд болгоно гэсэн үг. Энэ бүхэн нь гаднаас худалдан авдаг үнэтэй багажийг өөрсдөө угсрах, зүгшрүүлж сурахаар л зорьж буйтай холбоотой. Энэ бүхний цаана тус судалгаатай холбоотой мэдлэг л бий болох юм. Үйлдвэрлэхийн өмнө технологийн зарчмууд бий болгоно гэсэн үг. Ер нь бол эрдэмтэд мэдлэгийг л бий болгох үүрэгтэй юм.

Ярилцсанд баярлалаа.