БАРИМТ: МҮОНРТ-д иргэдийн сар бүр төлдөг 1100 төгрөгийн 25 хувийг “Цахилгаан түгээх сүлжээ” компаниуд авч, хууль бус ашиг хүртдэг байна

БАРИМТ: МҮОНРТ-д иргэдийн сар бүр төлдөг 1100 төгрөгийн 25 хувийг “Цахилгаан түгээх сүлжээ” компаниуд авч, хууль бус ашиг хүртдэг байна

Юнивишн, Скаймедиа зэрэг компаниудаас IPTV-ийн үйлчилгээ авдаг айл өрхүүд 2021 оноос эхлэн сар бүрийн төлбөр дээрээ 2500-3500 төгрөгийг нэмж төлдөг болсон гэдгийг иргэд төдийлөн сайн мэддэггүй.

Тодруулбал, таны төдийлөн сайн мэдэхгүй төлдөг энэ мөнгийг иргэдийн тогтмол үздэггүй 10 гаруй арилжааны телевизүүд хувааж авдаг болоод жил гаруй хугацаа өнгөрч байна. Учир нь 2019 онд батлагдсан “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”-ийн 6.1.2-т өөрчлөлт орж, Юнивишн, Скаймедиа зэрэг олон суваг дамжуулах үйлчилгээ үзүүлдэг компаниуд арилжааны телевизүүдэд төлбөр төлдөг болсон гэж тайлбарлаж байгаа юм.

ВИДЕО: 

-АЙЛ ӨРХҮҮДЭЭС ХУРААДАГ ХУРААМЖ НЬ ЖИЛДЭЭ 5 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО БОЛЖ ОЧДОГ БӨГӨӨД ҮҮНИЙ 1,5 ТЭРБУМЫГ НЬ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ КОМПАНИУД ХҮРТДЭГ БАЙНА-

Тэгвэл мөн айл өрх бүр сар бүрийн цахилгааны төлбөр дээрээ Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз /МҮОНРТ/-д 850-1100 төгрөгийг нэмж төлдөг. Тодруулбал, Засгийн газрын 2000 оны 28 дугаар тогтоолоор “Телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг айл өрх, аж ахуйн нэгжээс хураан төвлөрүүлэх журам” батлагджээ. Энэхүү журмын дагуу Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын даргын 2001 оны 403 тоот тушаалаар, Улаанбаатар хотод оршин суух айл өрх, хувь иргэдээс 1,100 төгрөг, Албан байгууллагаас 1,650 төгрөг, Аймгийн төвийн айл өрхөөс 850 төгрөг, Албан байгууллага, аж ахуйн нэгжээс 1,200 төгрөг, Сум багийн айл өрх, албан байгууллагаас 600 төгрөгийн телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг сар бүр авахаар тогтсон байдаг бол, үүнийг өрхийн сарын цахилгааны төлбөр дээр нэмж авдаг байдлаар сүүлд зохицуулжээ.

Цахилгаан түгээх сүлжээ компаниуд МҮОНРТ-д иргэдийн сар бүр төлсөн төлбөрийн 25 хүртэл хувийг өөрсдөө авч хууль бус ашиг хүртдэг байна

Айл өрхүүдэд магадгүй мэдэгдэхгүйгээр цахилгааны төлбөр дээр суутгаад хураадаг энэ мөнгө МҮОНРТ-д жилдээ 5 орчим тэрбум төгрөгийн орлого болж очдог байна.

Гэтэл хамгийн ноцтой нь, иргэдэд ямар ч телевизийн үйлчилгээ үзүүлдэггүй “Цахилгаан түгээх сүлжээ” компаниуд энэ мөнгөний 25 хувь буюу жилдээ 1,5 тэрбум орчим төгрөгийг “МҮОНРТ-д орлого хурааж өгсөн төлбөр” нэрийдлээр авч, айл өрхүүдээс хууль бусаар “ашиг олдог” ажээ. Товчхондоо, “Иргэд магадгүй огт үздэггүй МҮОНРТ-д сар бүр 850-1100 төгрөгийг цахилгааны төлбөртөө шингээж өөрөө ч мэдэхгүй төлдөг бол, энэ мөнгөний 25 хувиар нь “Цахилгаан түгээх сүлжээ” компаниуд “хууль бус ашиг” хийдэг байна.

-МҮОНРТ УЛСЫН ТӨСӨВ, ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ОРЛОГО ЗЭРГЭЭР МӨН САНХҮҮЖДЭГ БАЙНА-

Мөн олон нийтийн гэх статустай тус телевизийн удирдлага нь улс төрчдөөс хараат, тэдний хүмүүс томилогддог. Тэгвэл МҮОНРТ жилдээ улсын төсвийн 6 тэрбум гаруй төгрөгөөр мөн санхүүждэгээс гадна, реклам сурталчилгааны орлого ч олчихдог байна.

Тухайлбал, МҮОНРТ-ээр 19.00-23.00 цагт гарах сурвалжилгын 1 минутын төлбөр 1 сая төгрөг, харин 1 минут хүртэл хугацаатай баярын мэндчилгээ 2 сая төгрөг байдаг аж. Мөн тус телевизийн “Цагийн хүрд” нэвтрүүлэгт 1 удаа зочноор ороход 2 сая төгрөг, ая дууны мэнд дэвшүүлэхэд 1 удаадаа 5-10 мянган төгрөгийн үнэтэй байх бөгөөд үгэн зарын нэг үг тутам 200 төгрөгөөр тооцох цаашлаад хөтлөгчөөр дамжуулан аман сурталчилгаа хийх, лого бүхий хувцас өмсөх зэрэг реклам зар сурталчилгааны багцуудыг ч гаргаж өгдөг аж.

МҮОНРТ-ийн үйлчилгээний тариф

Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Үндсэндээ, үзэх харах юм муутай гэгдэх болсон тус телевиз Улсын төсөв, Реклам сурталчилгааны орлого, магадгүй иргэдэд мэдэгдэхгүйгээр цахилгааны төлбөр дээрээ нэмж бичүүлдэг 600-1100 төгрөгөөр орлого олдог байна. Харин тус мөнгөний 25 хувиар нь “Цахилгаан түгээх сүлжээ” компаниуд  хууль бус “ашиг хүртдэг” нь маш ноцтой асуудлын талаар мэдээллээ.