Гаднын иргэд зөвшөөрөлгүй ан, амьтан агнасан зөрчлийг илрүүлж, таслан зогсоохоор хуулийн байгууллагад шилжүүлжээ

Гаднын иргэд зөвшөөрөлгүй ан, амьтан агнасан зөрчлийг илрүүлж, таслан зогсоохоор хуулийн байгууллагад шилжүүлжээ

Гадаадын иргэн, харьяатын газраас хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ан, амьтан агнасан гадаадын иргэдийн асуудлаар Зөрчил шалган шийдвэрлэх газрын дарга Х.Бэхбат өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр, Гадаадын иргэн, харьяатын газрын Зөрчил шалган шийдвэрлэх газраас “NINS” ХХК, “Ахлан” ХХК зэрэг аж ахуй, нэгж байгууллагын урилгаар Монгол Улсад түр ирэгч ангиллын визээр ирсэн зарим улсын иргэд ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж, төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд зөвшөөрөлгүйгээр зорчсон, зөвшөөрөлгүй ан, амьтан агнасан зөрчлийг илрүүлэн шалгаж, гэмт хэргийг шинжтэй үйлдлийг таслан зогсоохоор хуулийн байгууллагад шилжүүллээ. Мөн тухайн иргэд нь галт зэвсгийг хууль бус аргаар худалдан авч, эзэмшиж, ашиглаж байсан нь хяналт шалгалтаар тогтоогдсон юм.

Иймд хууль тогтоомж зөрчиж, дээрх төрлийн хууль бус үйл ажиллагаа явуулсан гадаадын иргэдийг Монгол Улсаас албадан гаргах, дахин нэвтрүүлэхгүй байх, үүнийг нь дэмжсэн аж ахуйн нэгж, байгууллагуудын виз, зөвшөөрлийн хүсэлтэд татгалзах, олголтод хязгаарлалт тавих бодлого барьж ажиллахыг анхааруулав.

Гадаадын иргэн, харьяатын газар Монгол Улсад хуулийн дагуу ажиллаж амьдарч буй гадаадын иргэдэд хүндрэл чирэгдэлгүй төрийн үйлчилгээ үзүүлэх, гадаадын хөрөнгө оруулагч, жуулчдыг татах чиглэлд анхаарч гадаадын иргэдийн зорчих таатай нөхцлийг бүрдүүлж буй. Харин цаашид хууль тогтоомж зөрчиж, хууль бус үйл гаргасан гадаадын иргэд, уригч иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад хуулийн хариуцлага хүлээлгэж, хатуу тэмцэхээ илэрхийллээ.

Г.ХУЛАН