НҮБ-д “Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн Үндэсний сайн дурын илтгэл”-ээ Монгол Улс танилцуулна

НҮБ-д “Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн Үндэсний сайн дурын илтгэл”-ээ Монгол Улс танилцуулна

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг Тогтвортой хөгжлийн үндэсний хороо энэ сарын 11-нд хуралдлаа.

Хурлаар Засгийн газрын Ажлын баг болон НҮБ хамтран боловсруулсан “Үндэсний санхүүжилтийн нэгдсэн стратеги”-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ. НҮБ-ын 2015 оны Ерөнхий Ассамблейн 69 дугаар чуулганаар санхүүгийн олон төрлийн эх үүсвэрийг Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-д хүрэхэд бүрэн дайчлах “Үндэсний санхүүжилтийн нэгдсэн стратеги” боловсруулахыг улс орнуудад зөвлөсөн байдаг. Монгол Улс нь Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, санхүүгийн эх үүсвэрээ оновчтой чиглүүлэх, дайчлах зорилгоор “Үндэсний санхүүжилтийн нэгдсэн стратеги”-г боловсруулж буй дэлхийн 86 орны нэг юм.

Монгол Улсын Сангийн сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдын үүрэг хариуцагч, Үндэсний хорооны дэд дарга Б.Жавхлан хуралдааны нээж үг хэлэхдээ “Тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн, үр дүнд чиглэсэн, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн арга зүйг нэвтрүүлэх, Өрийн тогтвортой байдлыг хангах, Шинэлэг, ногоон санхүүгийнхэрэгслүүдийг хөгжүүлэх, Байгаль Орчин Нийгэм Засаглал (БОНЗ)-ын тайлагналын стандартыг нэвтрүүлэх, Тогтвортой хөгжилд эерэг үр нөлөө бүхий хөрөнгө оруулалтын дэмжих ажлыг энэхүү стратегид туссан” хэмээн онцоллоо.

Мөн НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрүүдийг уялдууланчиглүүлэх ажилд Монгол Улсын Засгийн газар манлайлан ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Цаашид хувийн хэвшил, орон нутгийн засаг захиргааны байгууллагууд болон хөгжлийн түншүүдийн үр дүнтэй хамтын ажиллагаа, түншлэл нь чухал ач холбогдолтой гэдгийг мөн дурдлаа.

Монгол Улс 2023 оны НҮБ-ын дээд түвшний уулзалтаар “Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн Үндэсний сайн дурын илтгэл”-ээ танилцуулна. Уг тайлангийн бэлтгэл ажил болон Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлтийн талаар Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт Үндэсний хорооны хуралд танилцууллаа. Монгол Улс анхдугаар илтгэлээ танилцуулснаас хойш 4 жилийн дараа ийнхүү тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн явцын үнэлгээгээ өндөр түвшний чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.