Ч.Хүрэлбаатар: ФАТФ-ын дараагийн хурлаар "Саарал жагсаалт"-аас гарна

Ч.Хүрэлбаатар: ФАТФ-ын дараагийн хурлаар "Саарал жагсаалт"-аас гарна

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Монгол улс "Саарал жагсаалт"-д орсонтой холбогдуулан Монголбанкны мэдээлэл сонссон байна. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

Ил тодын хуулиар Монголын хөрөнгийн хэмжээ 150 хувиар нэмэгдсэн

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: -2013-2016 оны хоорондох санхүүгийн тайланд үнэлгээ хийсэн. Энэ үед Ил тодын тухай хуулийг 2015 онд баталсан. Энэ хуулийн дараа Монголын хөрөнгийн хэмжээ 34 их наяд төгрөгөөр нэмэгдэж, байснаасаа 150 хувиар нэмэгдсэн сэжигтэй хууль батлагдаж, сэжигтэй хөрөнгийн хөдөлгөөн хийгдсэн. Ил тодын тухай хууль 2015 оны  нэгдүгээр сард орж ирээд, нэг удаа буцсан. Дараагаар нь эрх баригч АН, МАН-ын хооронд зөвшилцөл явагдаж Ил тодын хууль, Өршөөлийн хууль наадмын өмнө батлагдсан. Тэр үед Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа авлига, албан тушаалын гэмт хэргийг Өршөөлийн хуульд хамруулахгүй гэж хориг тавьж, би дэмжиж байсан. Ингээд 2016 оны сүүлчээр ФАТФ-ын ажлын хэсэг ирж ажиллаад, үнэлгээний тайланг 2017 оны сүүлчээр гаргаж, 40 зөвлөмж өгсөн. Үүнээс 4-5 асуудлаас бусдыг биелүүлсэн гэдэг. Тэгээд "Монгол Улсыг эрчимтэй хяналтад биш өргөтгөсөн хяналтад орууллаа" гэсэн зөвлөмж холбогдох газраас надад захидал ирүүлсэн. Үргэлжлээд Парист болсон хурлаар Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д оруулах болсноо зарлалаа. 

Мөнгө угаахтай тэмцэх асуудлаар шүүх шийдвэр гаргахгүй байна, хөрөнгө хураагдахгүй байна гэсэн асуудал бий. Одоохондоо хоригт орж, хязгаарлалт тавьсан зүйлгүй. Хоёр ажил хийгдсэн. Мөнгө угаахтай тэмцэх хуулийг УИХ баталсан. Гадаадын ажиллах хүчний асуудал байгаа. 2000-гаад хүний асуудлыг 11 дүгээр сард хийж дуусгана. Энэ хоёр ажлыг хийж дуусгана. 

Монгол  Улсад нэмж эрсдэл гарахгүй

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: -Монгол Улс Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх байгууллагад 2004 онд элсч, Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх хуулийг 2006 онд баталсан. ФАТФ-ын хурлаар гаргасан саяын мэдэгдэл бол хяналтад оруулсныгаа шалгаж, тайлангуудыг нь үзээд зарласан. Дөрвөн үйл  ажиллагаан дээр ажил хийх шаардлагатай гэдгийг зарласан. Хяналтад орсон ч ямар нэг хориг арга хэмжээ авахыг шаардахгүй, аливаа хамтын ажиллагаатай бол харгалзан үзэж болно гэдгийг анхааруулсан. Түүнээс бус төлбөр, тооцоо хийгдэхгүй, валютын урсгал орж ирэхгүй байх эрсдэлгүй. Монгол  Улсад нэмж эрсдэл гарахгүй гэж үзэж байгаа.

Эдийн засаг 6.7 хувиар өссөнийг ОУВС өөрчлөгдөхгүй гэж төлөвлөж байгаагаа мэдээлсэн. Энэ жилийн төсөв ашигтай гарах төлөвтэй байгаа. Худалдааны тэнцэл 1 тэрбум ам.долларын ашигтай гарч, Монголбанкны валютын нөөц нэмэгдсэн. Тиймээс төгрөгийн ханш сулрах нөхцөл бүрдээгүй. 

-Та мөнгө хураах, терроризмтэй тэмцэх үндэсний хороог тэргүүлдэг. Энэ шийдвэр гарахаас өмнө шийдвэрлэх боломж байсан уу?

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: -Хөрөнгө хураах асуудлыг шүүх шийдвэрлэдэггүй. Нэг хүн дээр хэрэг нээж шалгаад, шүүхээр гэм буруутайг нь шийдвэрлэвэл хэрэгтэй холбоотой шийдвэрлэх асуудал байдаг. Би гурван жилийн өмнөөс нь "Эрдэнэт", ХХБ-тай холбоотой асуудлыг яриад байсан. Энэ хэргийг яаж шийдвэрлэхийг Засгийн газар мэдэхгүй. Монголын банк, санхүүгийн салбарт асуудал байгаа нь бодитой. Монголбанкинд Мөнгө угаахтай тэмцэх алба байдаг. Тэр алба 20 сая төгрөгөөс дээш гүйлгээг хянах үүрэгтэй. Сэжигтэй бол тагнуулд өгнө. Энэ асуудлаар туйлын хойрго хандаж байгаа. Маш хүнд нөхцөлийн дунд "Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой хэрэг шийдвэрлэгдэж байгаа. Хөрөнгө хураахтай холбоотой хэрэг шүүхээр шийдвэрлэгдэнэ. 

-Хууль эрхзүйн орчин нь хангалттай хэмжээнд байгаа юу?

-Тодорхой хэргийн тухайд зүйл  анги, элдэв нарийн зүйлийг үзэж байж хэлнэ. Сүүлийн үед ажиглагдаж байгаа асуудал улс төрийн зорилгоор дэл суль яриа зөндөө явж байна. Миний батлуулсан 10 хуулийг шоронжсон хууль гэж шүүмжилсээр байгаад ялыг нь, хөөн хэлэлцэх хугацааг нь 2015 оноос багасгасан. Хөөн хэлэлцэх хугацаа 15 жил байсныг багасгасан. Дараагаар нь 2017 онд байцаан шийтгэх хууль батлах үед дахиад асуудал үүссэн. Эрүүгийн хуульд онц хүнд, хүнд гэсэн заалт байсныг байхгүй болгож, багасгасан. Одоо бол үүн дээр хуулийн өөрчлөлт хийж байгаа.

2002 оны Эрүүгийн хууль бол Германы хуулийн жишгээр батлагдсан, гэмт хэрэгтэн хаашаа ч бултаж чадахааргүй байсан.  

-Банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлсэн эх үүсвэрийг тогтоосон уу?

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: -Банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх ажиллагаа 2017 оноос эхэлсэн. Үнэлгээний үр дүн 2018 оны дундуур гарсан. Банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн. Үүнийг ОУВС-гаас шалгах үнэлгээ хийлгэе гэсэн. Энэ үнэлгээг хийсэн. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: -Буруу бодлого, буруу үйлдэл Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д оруулсан. Буруу үйлдлийг хүлээн зөвшөөрч, засахгүй явсан. Хамгийн том нөлөө үзүүлсэн нь Ил тодын тухай хууль. Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн дархлааг хийх арга хэмжээ сайтар хийгдсэн. Монголбанкны валютын нөөц нэмэгдсэн. Ирээдүйн өв санд 363 тэрбум ам.доллар хуримтлагдаад байна. Эдийн засгийн дархлааг бий болгох гэж хичээж чармайг ажилласан. Одоо жагсаалтад орсноор сандрах шаардлагагүй. Ханш хөөргөх шаардлага байхгүй. Ерөнхий сайд богино хугацаанд гарах арга хэмжээний төлөвлөгөөг бүтэн сайн өдөр гаргаж, идэвх, санаачлагатай ажиллах үүрэг өгсөн. 

-Ямар хугацаанд энэ жагсаалтаас гарах бол?

-Бид арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна. ФАТФ-ийн дараагийн хурлаар энэ жагсаалтаас гарчих байх. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

29 минутын өмнө

Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө