Богд хааны ордон музейг тойрсон урт хашааг буулгаж,  2500 орчим гоёлын бут суулгажээ

Богд хааны ордон музейг тойрсон урт хашааг буулгаж, 2500 орчим гоёлын бут суулгажээ

Богд хааны ордон музейн гадна орчинд авто зогсоол, орц гарц, зүлэгжүүлэлт, чулуун замын ажил, сити 00, гэрэлтүүлэг, сандал ширээ, мод тарилт, 60 метр урт дулааны шугам шинэчилж хүчитгэх ажлуудыг хийхээр болсон.

Тэгвэл дээрх ажлын эхлэл болгож, Богд хааны ордон музейг тойрсон 161 метр урт хашааг буулгаж, оронд нь 2500 орчим гоёлын бут суулгажээ.

Түүнчлэн нийслэлийн Засаг даргын захирамжилсны дагуу тус музейн ойролцоо байршуулсан хэд хэдэн том хэмжээний самбарыг буулгасан байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Бусад хөгжингүй улс орнууд эзэн хааны ордноо ихэд хүндэтгэн эрхэмлэж, тохижилтод нь гойд анхаардаг. Манай улсад энэ соёл дутмаг байгаа тиймээс энэ жилийн бүтээн байгуулалтад Богд хааны ордон музей орчмын тохижилтыг багтаалаа. Энэхүү ордны болоод бусад тохижилтын ажилд оролцож буй үндэсний компаниудад талархах нь зүйтэй" гэсэн юм.

Богд хааны ордон музей орчмын тохижилтыг ирэх есдүгээр сард багтаан дуусгахаар төлөвлөсөн аж.