Л.Галбадрах: Намайг ороход гуравхан настай охин минь ээжийнхээ энгэрт угаартаад нас барсан байсан

Л.Галбадрах: Намайг ороход гуравхан настай охин минь ээжийнхээ энгэрт угаартаад нас барсан байсан

Гурван настай үйлийн үргүй бяцхан охин ээжийнхээ ангир шар уургыг амтлан унтаад өглөө сэрсэнгүй. Учир нь бяцхан охин ээж, ах, аавынхаа хамтаар нийтийн байранд амьдардаг бөгөөд тэр өдөр сайжруулсан түлшийг түлснээр угаартаж нас барсан байдаг.  Харин охины ээж 33 настай У нь өдгөө Хордлогын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт ухаангүй хэвтэн эмчлүүлж байна.

-ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭД АЙДАСТАЙ БАЙНА-

Тэрхүү өдөр талийгаач охины аав хөдөө ажлаар явсан байсан ба ах нь Дорноговь аймаг руу даамны тэмцээнд оролцохоор явсан байжээ.

Хэрэг явдлыг тодруулбаас, Баянзүрх дүүргийн 22-р дугаар хороонд байрлах нэгэн нийтийн байранд өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 18-19 нийг шилжих шөнө ээж охин хоёр гэртээ угаартаж гурван настай охин харамсалтайгаар нас барж, охины ээж 33 настай У нь өдгөө Хордлогын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт ухаан ороогүй хэвээр байгаа юм.

Сайжруулсан түлшийг утаагүй, үнэргүй маш сайн хэмээн олон хүмүүс ярьж, хэлж  мэдээлж байна. Гэтэл дээрх түлш түлээд олон иргэд өглөө сэрэлгүй хайртай бүхнээ орхин одсоор. Сайжруулсан шахмал түлшнээс үүдэн иргэд олноороо угаартаж улмаар олон иргэн нас бараад буй энэ цаг үед гэр хороололд амьдардаг иргэд айдастай байна. Харин орон сууцанд амьдардаг болон эрх баригчид “утаанаас саллаа” хэмээж буй.

Бид Хордлогын үндэсний төв рүү учир явдлыг сурвалжлан хүргэхээр зорилоо. Биднийг очих үед нэг давхарт байх сахиурын өрөөнд угаартаж ухаангүй эмчлэгдэж байгаа эмэгтэйн ар гэрийнхэн байгаатай таарав. Тус эмнэлэгт ухаангүй хэвтэн эмчлүүлж байгаа 33 настай У гэх эмэгтэйн ээж “Би охиныгоо алдчихлаа. Тэр өдөр охиноо аваад гэртээ эртхэн харилаа гээд гарсан. Гэтэл зээ охин минь нас барж миний охин ухаангүй байна. Би уйлаад ярьж чадахгүй нь бололтой. Та бүхэн манай нөхрөөс юу болсон талаар яриа авчих” гэснээр бид 33 настай У гийн аавтай ярилцлаа.

-БИ НАС БАРСАН ЗЭЭ ОХИНОО ЮМААР ХУЧИЖ
ЭМНЭЛЭГ ДУУДСАН-

-Таны охины биеийн байдал хэр байна вэ?

-Одоогоор миний охины биеийн байдал өнөөдрийн байдлаар их хүнд байна. Одоогоор ухаан ороогүй байна. Хагас сайн өдрөөс хойш энэ Хордлогын үндэсний төв тасралтгүй хурдан шуурхай маш сайн эмчилгээ хийж байгаа ч өдийг хүртэл ухаан ороогүй байна.

-Яг юу болсон бэ. Тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Би тавдахын орой зээ охиноо цэцэрлэгээс нь аваад гэртээ байлгаж байгаад ээж нь ирээд 10 орчим цагийн үед гэр лүүгээ орсон. Одоо энэ сэхээнд ухаангүй байгаа 33 настай эмэгтэй бол миний төрсөн охин юм. Харин харамсалтайгаар угаартаж нас барсан гуравхан настай охин бол миний зээ охин юм.

Би хагассайны өглөө арван цагт манай гэрт орж ирэхгүй байхаар нь охиныхоо гэр лүү очсон. Очоод хаалгыг нь удаан нүдсэн ч тайлахгүй байсан. Мөн цонхыг нь тогшоод ч тайлаагүй. Тэгэхээр нь гэр лүүгээ гүйж ороод хүүгээ дуудаад арын цонхыг нь эвдэж орсон. Гэтэл миний охин дөнгөж нэг амьтай, голтой. Харин зээ охин минь аль хэдийнэ нас бараад гар хөл нь хөшсөн байсан. Тэгээд би амьсгал хураасан охиноо юмаар хучиж цааш нь тавьчихаад түргэн дуудаад эмнэлэгт хүргэсэн. Миний зээ охин ээжийнхээ өвөрт харамсалтайгаар нас барлаа.

-Охин тань таныг очиход юм ярих тэнхэлтэй байв уу?

-Ямар ч тэнхэлгүй ухаан байхгүй байсан. Миний охины биеийн байдал хөхөрсөн их эвгүй байсан.

-Сайжруулсан шахмал түлш түлсэн үү?

-Тэгсэн. Байнгын худалдан авдаг Баянзүрх дүүргийн 22-р хорооны борлуулах цэгээс авсан. Өмнө нь нүүрс түлээд хэзээ бид нар нэг дор ингэж олуулаа нас барж байсан юм. Би лав 60 хүртлээ амьдарлаа мэдэхгүй, сонсоочгүй юм байна. Гэр хорооллын иргэд олон жил гал түлсэн. Хэнээр ч яаж гал түлэхээ заалгахгүй шүү дээ.

-САЙЖРУУЛСАН ТҮЛШ ЧИНЬ ХҮН АЛАХ ХЭМЖЭЭНИЙ
ИХ ХОРТОЙ ЮМ БАЙНА-

-Өмнө энэхүү сайжруулсан түлшийг түлж байв уу?

-Өмнө шахмал түлшийг түлж байсан. Гэхдээ ингээд угаартана гэж бодоогүй. Энэ түлш чинь хүн алдаг их хортой юм байна. Талийгаач гурван настай охиноо маргааш нөгөөдөр гаргах ёслол болно. Харин энэ эмнэлэгт байгаа охиныгоо хөл дээр нь босгохын тулд бүхнээ хийнэ. Бид нар одоо ах дүү нартайгаа хамтаар бүхий л арга хэмжээг авч байна. Ном уншуулж нас барсан охиныхоо ажил явдлыг хийхээр явж байна. Мөн Сэхээнд ухаангүй хэвтэж байгаа охиноогоо босгохын тулд ч явж байна. Бидний сэтгэл санаа үнэхээр хүнд байна. Нас барсан охины аав нь юу ч дугарахгүй уйлаад л энд явж байна.

-Эмч нарын зүгээс ямар онош хэлж байна вэ?

-Бүхий л бие нь тэр чигтээ угаарын хийнд хордсон. Бөөр, уушиг, зүрх, тархи, ходоод гээд бүхий л эрхтэнийг нь хордуулсан байна гэсэн зүйл хэлж байна. Гэхдээ энэ эмнэлгийн эмч нар байнгын зөвөлгөө, мэдээлэл өгч байнгын шуурхай эмчилгээ хийж байгаад үнэхээр их баярлаж байна.

-МИНИЙ ОХИНЫ ТОМ ХҮҮ НЬ ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ЯВАХ БАЙСАН. БОЛЬСОН-

-Танай гэр бүлийн зүгээс цагдаагийн байгууллагад өргөдөл гомдлоо гаргасан уу?

-Манай гэр бүлээс гомдол гаргаагүй байгаа. Нэг охиноо алдаад нэг охиноо сэхээний үүдэнд сахиж байгаа бидэнд цагдаад өргөдөл гаргах ухаан ч алга чадал ч алга байна. Миний охин бас нэг хүүтэй хүн. Хүү нь одоо 14 настай. Тэр хүү маань даамын Дэлхийн аваргад явах ёстой байсан. Тэр тэмцээндээ явахаа болиод байж байна.

Тэр хүү ирээдүйгээрээ хохирч, миний бяцхан зээ охин минь түлшнээс болоод эрүүл саруул гүйж явсан хүүхэд өнөөдөр нас барчихаад байж байна. Үнэхээр их гомдолтой байна. Энэ түлшийг түлэхгүй байсан нь дээр юм байна. Олон хүн нас барж байна. Ийм байж болохгүй шүү дээ. Миний хоёр охин зэрэгцээд унтсан байгаа юм. Харин өглөө нь нэг нь нас барж нөгөө нь Сэхээнд ухаангүй байна шүү дээ. Гэр лүү нь ороод охиноогоо харах үнэхээр хэцүү байсан. Миний охин үнэхээр харамсалтай байна. Энэ охиныхоо амийг би хэнээс нэхэх ёстойгоо ч мэдэхгүй байна. Ямар ч байсан зээ охиныхоо ажил явдлыг дуусгах бодол байна.