Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдох шүүх хурал эхэлсэн ч удалгүй хойшилж, аравдугаар сарын 31-нд хийхээр болж, товлолоо. Шүүгдэгч А.Ганбаатарын өмгөөлөгч өөр нэг шүүх хуралд оролцож байгаа тул шүүх бүрэлдэхүүн дээрх шийдвэр гаргажээ.

Уг хуралд оролцсон шүүгдэгч А.Ганбаатар "Би хүний бэлдэж ирсэн зүйлийг сонсож, дарга нартаа үзүүлснийхээ төлөө ял сонсмооргүй байна. Энэ бол хэрэг биш. Тиймээс намайг яллаж байгаа зүйлчлэлтэй санал нийлэхгүй" гэдгээ хэлжээ.

Эргэн сануулахад, Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар хуйвалдаан зохион байгуулсан үндэслэлээр шүүнэ. Тэдэнд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан аравдугаар сарын 7-ны өдрийн 10.00 цагт товлогдон шүүх хуралдаанаар яллагдагч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг шүүхэд шилжүүлсэн юм.