ТОДРУУЛГА: Ши Жинпиньд захидал бичиж “Эрдэнэбүрэнгийн УЦС”-ыг зогсоосон Багийн дарга Г.Цэдэнбал одоо ч ажлаа хийж байна

ТОДРУУЛГА: Ши Жинпиньд захидал бичиж “Эрдэнэбүрэнгийн УЦС”-ыг зогсоосон Багийн дарга Г.Цэдэнбал одоо ч ажлаа хийж байна

Энэ сарын 03-ны өдөр  /2022.08.03/ болсон Засгийн газрын мэдээллийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг нэг сумын ИТХ-ын дарга Ши Жиньпинд захидал бичиж, ажлыг хоёр жилээр саатуулсан. Энэ үйлдлийг Эрүүгийн хуульд заасан “Хорлон сүйтгэх ажиллагаа” нэрийн дор шалгаж, алдагдсан боломжийн өртгийг Засгийн газрын нэрийн өмнөөс нэхэмжлэх болно" гэж мэдэгдсэн.

Энэ тухай нийтлэлийг ЭНД дарж уншина уу. Хууль зүйн сайд Х.Нямбаатарын мэдэгдлийн дараа цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж буй бөгөөд Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруй руу захидал бичиж стратегийн томоохон төслийн санхүүжилтийг зогсоосон Өмнөговь сумын Улиаст багийн Засаг дарга Г.Цэдэнбалд хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн юм. 

Тэгвэл уг захидлыг бичсэн Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн Засаг дарга Г.Цэдэнбал одоо ч ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа аж. Бид Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Өлзийтэй холбогдож энэ талаар тодруулахад "Миний хувьд аймгийн Засаг даргатай нэг байр, суурьтай байгаа. Хуулиараа багийн иргэдийн нийтийн хурлаар багийн Засаг даргыг огцруулдаг. Миний хувьд багийн иргэдийн нийтийн хуралд санал гаргах эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу санал оруулсан. Огцруулах саналыг удахгүй хэлэлцэх байх. Одоогоор бол ажлаа хийж байна. Мөн хууль хяналтын байгууллагаас шалгасан гэх мэдээлэл бий" гэлээ. 

Тодруулбал, Г.Цэдэнбал нь БНХАУ-аас манай улсад суух элчин сайд Цай Вэньруй руу “БНХАУ-ын ЭксИм банк санхүүжүүлэн барих гэж байгаа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын далангийн усанд дарагдах Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн иргэд, малчдын энэ станцыг дэмжихгүй байгаа болон Хятад улсыг санхүүжилтээ татахыг хүссэн” бичгийг хүргүүлсэн байдаг.  Товчхондоо, багийн засаг дарга Г.Цэдэнбалын Элчин сайдын яамаар дамжуулан БНХАУ-ын дарга Ши Жинпиньд бичсэн “зээлээ татахыг хүссэн” захидал нь Эрдэнэбүрэнгийн УЦС-ын санхүүжилтийг зогсооход хүргэсэн гэсэн үг.