СУРВАЛЖИЛГА: Цоо шинэ сонирхол буюу БАЛЕТААР монгол охид олон улсад амжилт гаргаж байна

СУРВАЛЖИЛГА: Цоо шинэ сонирхол буюу БАЛЕТААР монгол охид олон улсад амжилт гаргаж байна

Австралид зохион байгуулагдсан “VIBE Australia” олон улсын сонирхогчдын балетын тэмцээнд монгол охид амжилттай оролцож хүрэл медаль хүртээд ирлээ. Энэ бол монголчууд балетын урлагийг ойлгож, дэмжиж, хүүхдүүдээ хичээллүүлдэг болсон гэдгийг илтгэсэн үйл явдал юм. Мөн балетаар зөвхөн мэргэжлийнхэн хичээллэдэг гэх ойлголттой явсан цаг үе ард хоцорч цоо шинэ сонирхол хүүхэд залуусын дунд бий болсон гэдгийг тодоор харуулав.

Бид дээрх амжилтын эзэдтэй ярилцахаар “Classic ballet and piano” сургуулийг зорьсон юм.

Биднийг тус сургуулийн багш Н.Отгонзаяа найрсгаар хүлээн авч шавь нарынхаа гаргасан дээрх амжилтын талаар бахархан ярилцлаа. 

Сонгодог урлаг тэр дундаа балетын талаарх өргөн мэдлэггүй басхүү төдийлөн сайшаадаггүй монголчуудын ойлголтыг энд хүртэл өөрчлөхөд гар бие оролцож буй хүн бол балетчин, “Classic ballet and piano” сургуулийн үүсгэн байгуулагч Н.Отгонзаяа юм.

Н.Отгонзаяа багш “VIBE Australia” тэмцээнд гаргасан амжилтынхаа талаар ярихдаа “Шавь нар маань олон улсын тэмцээний тайзан дээр зааж өгсөн зүйлсийг маань маш тайван гүйцэтгэж хийсэн. Би шавь нараараа бахархаж байна. Эцэг, эх, сурагч, багш гээд бүгдийнх нь оролцоотой гаргасан уг амжилтыг ахиулахын тулд улам илүү хөдөлмөрлөх, хичээх шаардлага бий.

Мөн Австралид байхад маш их туслаж дэмжсэн Золбоо ах, Ундармаа эгч, Баруун Австралийн монголчуудын холбоо, тэнд байсан бүх монголчууддаа маш их баярласанаа хэлмээр байна.” гэв.

Сонирхогчдын балетын тэмцээнд Н.Отгонзаяа багш шавь нарын хамтаар энэ жил гурав дахь удаагаа оролцсон нь энэ юм. Өнгөрсөн жил Солонгос улсад зохион байгуулагдахад нь оролцож мөнгөн медаль хүртэж байжээ.

Бид балетын урлагаар хичээллэхийн давуу тал, тус урлагийн онцлог, сүүлийн үед олон нийт балетад хандах хандлага хэрхэн өөрчлөгдсөн зэрэг сэдвээр Н.Отгонзаяа багштай ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

-ТӨРМӨЛ АВЪЯАСТАЙ, БАЛЕТЧИН БОЛОХ ИРЭЭДҮЙТЭЙ
ГОЁ ОХИД ОЛОН БАЙДАГ-

-Та бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Н.Отгонзаяа гэдэг. “Classic ballet and piano” сургуулийг үүсгэн байгуулагч мөн багш. 2003 онд Хөгжим бүжгийн коллежийг балетчин мэргэжлээр төгссөн. Харин сургуулиа 2010 онд нээсэн, есөн жил өнгөрсөн байна шүү.

-Балет бол монголчуудаас хол урлаг. Тэгэхэд та хүн бүрийн сонгоод байдаггүй балетчины мэргэжлийг сонгосон. Тэр бүү хэл сургууль нээгээд хүүхдүүдийн хөгжилд хувь нэмрээ оруулаад явж байна. Хүн бүрийн ойлгодоггүй, шимтэн үздэггүй урлагийн сургуулийг анх нээхэд хүмүүсийн хандлага ямар байсан бэ?

-2010 онд Солонгосоос ирснийхээ дараа буцаад бүжиглэдэг юм билүү, яадаг юм билээ гээд боддог байсан. Тэгсэн нэг өдөр манай эгч “Би охиныгоо балетын сургуульд явуулж байна. Хүний сургуульд явуулж байхаар чамаар заалгамаар байна. Чи сургууль нээгээч” гэж санал болгосон. Ингээд л сургуулиа нээсэн. Манай сургуулийн хамгийн анхны салбар Голомт хотхонд байдаг юм. Анх нээхэд хүүхэд цөөнтэй байдаг байлаа. Тухайн үед ирсэн ганц хүүхэддээ ч хичээлээ заадаг байсан. Ганц, хоёр хүүхэд гэлтгүй л хичээлээ заадаг байсан.

Есөн жилийн өмнө балетын талаарх хүмүүсийн ойлголт бага мөн дугуйлан цөөн байсан болохоор хүүхдүүдээ сургах нь харьцангуй бага байсан. Харин есөн жилийн дараа буюу өнөөдөр эцэг, эхчүүдийн хандлага тэс өөр болсон. Хүмүүс хүүхдүүддээ их анхаардаг болсон байна. Манай сургуулийн хүүхдийн анги амралтын өдөр хичээллэдэг. Амралтын өдөр эцэг, эхчүүд амралгүйгээр сургуульд нь хүүхдээ зөөдөг. Заал маань жижигдээд суралцах хүүхдийн тоо нэмэгдэж байгаад урамтай байгаа. Эцэг, эхчүүд маань балетын талаар ойлголттой болохоос гадна үздэг, үнэн ч фэн нь болж буй нь маш том давуу тал.

-Хүүхдүүдээ дагуулаад тань дээр ирдэг эцэг, эхчүүдийн ихэнх нь хүүхдийнхээ биеэ авч явах соёлд анхаарч балетаар хичээллүүлэх хүсэлтэй байдаг байх. Харин мэргэжлийн балетчин болгоё гэж ирэх эцэг, эхчүүд бий юу?

-Балетчин болгомоор байна гэж  ирэх эцэг, эхчүүд ховор. Сургуулиа нээснээс хойшхи есөн жилийн хугацаанд хоёр л шав минь мэргэжлийн балетчин болсон. Тэр хоёр охин маань мэргэжлээрээ Хөгжим бүжгийн коллежид суралцаж байна. Мэргэжлийн балетчин болох боломжтой төрмөл авъяастай гоё охид байдаг. Би тэр охидын эцэг, эхэд нь хандан “Хүүхдээ мэргэжлийн балетчин болговол ямар вэ. Их ирээдүйтэй байна” гэж зөвлөхөд зөвшөөрдөггүй.

Тэд “Их хэцүү урлаг. Хүүхдээ зовоомооргүй байна. Эмэгтэй хүүхэд учраас гоё биетэй, биеэ авч явах соёлтой, уян хатан, хөдөлгөөний эвсэлтэй, алхаа гишгээ нь цэх сайхан болгоход хангалттай” л гэж хэлдэг. Гэхдээ хүмүүс хүүхдүүддээ их анхаарал тавьдаг болсон.

-Та эрэгтэй шавьтай  юу. Ер нь эрэгтэй  хүүхдүүд хэр их ирдэг вэ?

-Эрэгтэй хүүхдүүд хичээллэж болно. Гэхдээ маш ховор байна. Уг нь эрэгтэй  хүүхдүүд мэргэжлийн түвшинд хичээллэвэл илүү амжилтыг гаргадаг. Монголын эрэгтэй балетчид мэргэжлийн түвшинд бэлтгэгдэж гадны улсуудад бүжиглэхэд маш их амжилт олдог. Манай эрчүүдийн гол онцлог нь хүч чадалтай, бяртай. Манай сургуулийн төгсөгчид буюу МУГЖ Д.Алтанхуяг ах болон манай ангийн залуус бүгд гадны орон буюу Солонгос, Япон, Германд бүжиглэж байна. Эрэгтэй хүүхдүүд балетаар хичээллэх нь харьцангуй цөөн. Гэхдээ заавал мэргэжлийн бүжигчин болгоно гэлтгүй сонирхогчдын түвшинд ч хичээллүүлж болно шүү дээ. Хүмүүс балет гэхээр л цагаан даашинз өмссөн эмэгтэй хүнээр төсөөлдөг. Гэтэл эрэгтэй хүүхдүүд энэ урлагаар хичээллэвэл бие нь илүү өндөр болж, гоё хөгжиж өгдөг.

-ОХИД НАРИЙХАН УРТ ХӨЛТЭЙ БОЛЖ ЦЭХ САЙХАН АЛХДАГ БОЛНО. МӨН БАЛЕТ ХҮНД ТЭСВЭР ХАТУУЖИЛЫГ СУУЛГАДАГ. ХАРИН ХӨВГҮҮД ИЛҮҮ ӨНДӨР БОЛДОГ-

-Балетын бусдаас ялгарах онцлогийг дурдаад барахгүй. Гэхдээ л би мэргэжлийн хүнээс нь онцлогийн талаар сонсмоор байна. Балетаар хичээллэж буй таны шавь нарт өдрөөс өдөрт гарч буй өөрчлөлтийг хараад урам авдаг уу?

-Охид нарийнхан урт хөлтэй болдог. Зөвхөн биенд бус зан аашинд ч өөрчлөлт гарна. Балетаар хичээллэсэн хүүхэд хүлээцтэй, тэвчээртэй  зан чанартай болдог. Миний хувьд яг 10 настайгаасаа балетаар хичээллэж эхэлсэн. Балетаар нэг жил хичээллэсний дараа гадаа гарч үеийн хүүхдүүдтэйгээ тоглох гэтэл  нэг л болж өгдөггүй. Хамт тоглож буй  хүүхдүүд маань жаахан хүүхэд шиг санагдаж байсан. Тэгэхээр энэ урлагаар хичээллэсэн хүүхэд биеэ дааж, санаа бодол нь илүү төлөвшдөг. Хатуу урлаг учраас хүний үгийг анхааралтай сонсдог болохоос эхлээд маш их давуу талтай.

Хүүхдүүд анх ирээд уйлна, шантарна. Балетын сургалтандаа ирэхгүй гээд байхаар нь чирээд ирлээ гэх эцэг, эхчүүд ч байдаг. Гэтэл тэр уйлж байсан хүүхдүүд маань өнөөдөр тэмцээнд амжилттай оролцох түвшинд хүртлээ ахиц гаргасан байна. Эхний хүнд, хэцүү үеийг л давбал цаашид асуудал багатай болдог. 

-Жаахан хүүхдүүдтэй ажиллах нь ойлголцохоос эхлээд л хүндрэлтэй байдаг байх. Хүүхдүүдтэй ажиллах ямар вэ?

-3-5 насны хүүхдүүдтэй ажиллах үедээ яг л цэцэрлэгийн багш болно. Энд нэгнийх нь дасгалыг хийлгэх үед нөгөө хэд нь тэнд сахилгагүйтээд, үймэлдээд л явна. Хамгийн гол нь хүүхэд маш хурдан сурдаг. Тийм болохоор нүдэн дээр өөрчлөлтүүд гарна. Түүнийг нь хараад маш их баярладаг. Би өөрийгөө заах аргын хувьд есөн жилийн өмнөхөөсөө дээшилсэн байх гэж бодож байна. Багшийн ур чадвар дээшилсэн байх. Учир нь есөн жилд арвин их туршлага хуримтлуулна шүү дээ. Хүүхдүүдэд энэ дасгалыг заавал илүү сайжрах юм байна. Харин уг хоёр дасгалыг хослуулбал илүү сонирхолтой юм байна гэх зэргээр байнга шинийг эрэлхийлж боддог болсон байна. Би өөрөө ч хүүхдүүдээсээ суралцдаг нь маш сайхан.

-Өдөр тутамдаа хүүхдүүдэд хичээл заахаас гадна зорилго тавиад олон улсын тэмцээнд оролцож буй нь маш сайн ажил шүү?

-Хамгийн анх олон улсын тэмцээнд орохдоо маш их сандарч байсан. Сандралаа хүүхдүүддээ мэдрүүлэхгүйн тулд биеэ барьдаг. Хүүхдүүддээ "Битгий сандраарай" гэж хэлдэг мөртлөө өөрөө сандарж болохгүй шүү дээ. Бусад орны хүүхдүүдтэй харьцуулахад чадвар нь ямар байх бол гэж их санаа зовсон. Гэтэл тэмцээнд оролцож буй хүүхдүүдээс дутахгүй бүжиглэсэнд нь би их баярласан. Ингээд л дараа, дараагийнхаа тэмцээн уралдаанд оролцох урмаа авч байгаа юм. Миний заасан зүйлийг монгол хүүхдүүд маань гадаадын хүүхдүүдээс дутахгүй хийж байгаад маш их баярлаж байлаа. Биднийг балетын тэмцээнд оролцоход зохион байгуулагчид болон бусад оролцогчид их гайхаж хүлээж авдаг.  Хятад, Солонгосын балетчидтай андуурч, та нар аль улсын хүмүүс вэ гэж их асуудаг. Тэмцээнд оролцож буй хүүхдүүд бидэн дээр ирээд Монгол гэж орон байдаг юм уу ч гэж асуудаг. Тэр бүрт бид эх орноо төлөөлж, сурталчилж танилцуулдаг.

-“БИ БАЛЕТААР ХИЧЭЭЛЛЭХ ГЭСЭН ЮМ” ГЭЭД ХҮРЭЭД ИРСЭН
ХЭНИЙГ Ч БИ БУЦААХГҮЙ-

-Хүнд мэргэжлийн амбиц, хүсэл мөрөөдөл гэж байдаг. Таных юу вэ?

-Мэргэжлийн сургууль нээнэ гэж боддоггүй. Сонирхогчдын сургуульдаа илүү олон хүүхэд хамруулж VIBE олон улсын тэмцээндээ амжилттай оролцуулах хүсэлтэй. АНУ-д мөн олон тэмцээн зохион байгуулагддаг. Тэр тэмцээнд хүүхдүүдээ оролцуулах хүсэл байна. Хүмүүс мэргэжлийн сургуульд мэргэжлийн хүүхдүүд бэлтгэх сонирхолтой байдаг. Харин би сонирхогч хүүхдүүдээ илүү олноор бэлдэж балетыг олон хүнд хүргэхийг л хүсдэг.

-Дээрх хариулттай уялдуулаад нэг асуулт асуумаар байна. Эцэг, эх нь төлбөрийг нь өгөөд сургах боломжгүй олон хөөрхөн охин балетын даашинз өмсөж бүжиглэхийг хүсдэг. Та нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тэр хүүхдүүд рүү хандсан ажил хийхийг хүсдэг үү?

-Том заалтай болоод ирвэл олон хүүхдийг сургах юмсан гэж боддог. Яг одоогийн байдлаар нэг сурагч охин маань Тайванийн хөгжил сангаас төлбөрийн тодорхой хувиа төлүүлээд явдаг. Өөрсдөө хандаад ирвэл би “үгүй” гэж хэлээд буцаадаггүй. Хэрвээ хэн нэгэн нь “Охин маань балетаар хичээлэх хүсэлтэй байна” гээд хүрээд ирвэл би буцаахгүй дуртай авна. Яваандаа ийм ажил өрнүүлнэ.

-Төрөөс балетын урлагийг дэмжих тал дээр хэрэгжүүлдэг бодлогын талаар та ямар дүгнэлттэй явдаг вэ?

-Сая тэмцээнд явахын өмнөхөн н.Жамъяандагва, Д.Алтанхуяг гэх мэт хүмүүс “Балетын холбоо”-г үүсгэн байгуулж эхний хурлаа хийсэн. Уг хурлын үеэр энэ асуудлын талаар ярилцсан. Балетын хөгжлийг төлөөлж Д.Алтанхуяг ах ажиллана. Миний бодлоор бид анх удаа олон улсын тэмцээнд оролцлоо. Амжилт гаргаад ирэхэд халуун, дулаанаар хүлээн авч баяр хүргэдэг байвал зүгээр юм шиг санагддаг. Явахад туслалцаа дэмжлэг үзүүлдэггүй юм гэхэд хүрээд ирэхэд дүүргээс урамшуулаад шагнадаг болбол хүүхдүүд маань баярлана. Ийм ажил дутагддаг.

-Тэмцээнд явахдаа хөрөнгө, мөнгөний асуудлаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Эцэг, эхчүүдээс л гардаг. Би ч мөн өөрөө зардлаа гаргадаг. Бид тэмцээндээ сарын өмнөөс тасралтгүй бэлддэг. Эцэг, эхчүүд маань хувцасны мөнгө, виз мэдүүлэг, төлбөр, онгоцны билет, буудал , хоол гээд маш их зардал гардаг. Хүүхдийнхээ төлөө эцэг, эхчүүд л бүх зардлаа гаргаад явдаг даа.

-Дотоодын ямар тэмцээнүүд болдог вэ. Түүнд хэр идэвхтэй оролцож байна?

-Дөрвөн жилийн өмнөөс Балетын хөгжил сангаас анхдугаар тэмцээнийг зохион байгуулдаг болсон.  Анхны тэмцээнээс эхлээд тасралтгүй дөрвөн жил оролцсон. Мөн Номадик балет продакшнаас тэмцээн зохион байгуулдаг. Түүнд оролцдог. Их урам ч авлаа. Тэмцээнд орохын тулд би болон шавь нар маань зорилготой болдог. Энэ тэмцээнд багийн болон ганцаарчилсан төрөлд оролцож байнга л байр эзэлж байсан даа.

-ЯРИЛЦСАНД БАЯРЛАЛАА. ТАНЬД АМЖИЛТ ХҮСЬЕ.

“Classic ballet and piano” сургууль нь Голомт хотхон болон Солонгосын элчин гэх хоёр газарт салбартай. Хоёр салбарт нийт 60-70 хүүхэд хичээллэж байна.

Тус сургуулийн сурагч, “VIBE Australia” тэмцээнд амжилттай оролцсон багийн гишүүн охин балетаар хичээллэж эхэлснээс хойш өөрт гарсан өөрчлөлтийнхөө талаар ярихдаа “Би бөгтөр болох гээд байсан. Одоо бөгтийхөө больсон. Мөн өмнө нь өвддөг байсан одоо больсон. Тэсвэр хатуужилтай болсон” гэсэн юм.

Балетаар хичээллэх нь хүүхдийн цусны эргэлтийг сайжруулдаг учраас биеийн дархлааг дэмждэг гэж Н.Отгонзаяа багш хэлсэн юм.