ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэг "Хаан" банкны 54.4 хувийг авахаар уулзалт хийжээ

ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэг "Хаан" банкны 54.4 хувийг авахаар уулзалт хийжээ

Худалдаа Хөгжлийн Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, Улаанбаатар хотын Банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга Д.Эрдэнэбилэг нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлаар яллагдагчаар татагдан ЦЕГ-т шалгагдаж байгаа.

Түүнийг ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн онц ноцтой хэрэгт буруутган татан шалгаж байгаа юм.

Тэрээр ШШГЕГ-ын урьдчилан хорих 461-р ангиад саатуулагдаж байгаад батлан даалтаар суллагдан гадуур шалгагдаж байгаа билээ. Энэ хугацаанд Д.Эрдэнэбилэг "Хаан" банкны хувьцааны дийлэнхийг авахаар сүүлийн хоёр сар орчим хэлцэл хийж буй талаар зарим хэвлэлүүд онцлон бичиж эхлээд байна.

Д.Эрдэнэбилэг нь Худалдаа Хөгжлийн Банк, Улаанбаатар хотын банкны хувьцааны дийлэнхийг эзэмшдэг ч дахин Хаан банкны тал хувийг нь худалдан авахаар зэхэж эхлээд буй бололтой. Тодруулбал, "Таванбогд" группийн Ерөнхийлөгч, "Хаан" банкны 36.28 хувийг эзэмшигч Ц.Баатарсайхан ХХБ-ны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийг дагуулан, өөрийн биеэр "Хаан" банкны 54.4 хувийг эзэмшигч Хидео Савадатай уулзсан бололтой.

Гэвч ноён Х.Савада Д.Эрдэнэбилэгт "Хаан" банкны хувьцааны дийлэнхийг зарахаас татгалзсан хариуг эхний байдлаар өгсөн гэх.

"Хаан" банкны нийт хувьцааны 41.30 хувийг Японы “Савада Холдингс” компани, 13.10 хувийг нь Эйч Эс Интернэйшнл компани буюу нийт 54.4 хувийг нь ноён Х.Савада эзэмшдэг юм. Мөн олон улсын санхүүгийн корпораци 9.32 хувийг нь,  36.28 хувийг "Таван Богд" группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, түүний гэргий Д.Хулан нар эзэмшдэг билээ.