Тогонд цохиулж амиа алдсан алба хаагчийн үхэлд Онцгой байдлын дарга Д.Эрдэнэбат, жолооч Ж.Ганхөлөг нарыг буруутган НЭГ жилийн хорих ял оноожоо

Тогонд цохиулж амиа алдсан алба хаагчийн үхэлд Онцгой байдлын дарга Д.Эрдэнэбат, жолооч Ж.Ганхөлөг нарыг буруутган НЭГ жилийн хорих ял оноожоо

Онцгой байдлын алба хаагч Э.М нь 2021 оны арванхоёрдугаар сарын 03 /2021.10.03/-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ажил үүргээ гүйцэтгэж яваад тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэрэг гарсан өдөр талийгаач Э.М-д "төлөвлөөгүй үүрэг даалгаврыг ажлын бус цагаар өгснөөс болж уг харамсалтай үйл явдал болсон" талаар ар гэрийнхэн нь мэдэгдсэн билээ. 

-24 ЦАГИЙН ЭЭЛЖНЭЭС БУУСНЫ ДАРАА ҮҮРЭГТ БУС АЖИЛ ХИЙЛГҮҮЛСЭН. ДАРГА НАР НЬ ЭРСДЛИЙГ ТООЦООГҮЙ-

Тэгвэл өнгөрсөн наймдугаар сарын 8 /2022.08.08/-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд талийгаач Э.М-д үүрэг өгсөн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Эрдэнэбат, Гал унтраах аврах ангийн 63 дугаар ангийн автомашины жолооч Ж.Ганхөлөг нарыг яллах эсэх шүүх хурал болсон байна.

Ингээд шүүхээс Д.Эрдэнэбат, Ж.Ганхөлөг нарыг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гарсан захиргааны хэм хэмжээний актад хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэгт буруутган тус, тус НЭГ ЖИЛИЙН хорих ялаар шийтгэсэн байна. Хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөн тэднээс тэнцүүлэн тус бүрээс нь 2 сая 942 мянган төгрөгийг гаргуулж хохирогчийн ээжид өгүүлэхээр болжээ. 

Тодруулбал, Д.Эрдэнэбат нь хэрэг гардаг өдөр томилгоот ээлжийн бүрэлдэхүүнийг 24 цагийн турш үүргээ гүйцэтгэж дуусаж, жижүүрээс буусны дараа Баянзүрх дүүргийн Улиастайн гүүрний дэргэдэх “Мартаж болохгүй” аяны сурталчилгааны зурагт самбарыг буулгах ажлыг автомеханик шатаар буулгуулах үүрэг өгч ажиллуусан. Ийнхүү ажиллуулахдаа хохирогч Э.М-ийг 24 цаг ажилласны дараа амраалгүйгээр томилсон нь Хөдөлмөрийн хууль, Гамшгаас хамгаалах тухай хуулийг зөрчсөн гэж мөн үзсэн байна. Харин Ж.Ганхөлөг нь автомеханик шатыг цахилгааны шугамд ойртуулсны улмаас Э.М-нь амь насаа алдсан гэж үзжээ. Угтаа Ж.Ганхөлөг нь эрсдлийг урьдчилан мэдэх боломжтой байсан ч хайхарамжгүй хандаж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж шүүхээс үзжээ.

-БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ АНХ САМБАР БАЙРЛУУЛСАН КОМПАНИД АЖЛЫН ХӨСЛИЙГ НЬ ӨГӨӨГҮЙГЭЭС БОЛЖ ОНЦГОЙН АЛБА ХААГЧИД ТУС САМБАРЫГ БУУЛГАХААР БОЛЖЭЭ-

Харин Д.Эрдэнэбат нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ, “Баянзүрх дүүргийн Тохижилт үйлчилгээний газраас яаралтай ав гэж мэдэгдсэн юм билээ. Анх “Гэсэрийн хорго” ХХК-тай гэрээ байгуулж уг компани өлгөсөн. Буулгахдаа энэ компанитай холбогдоход “Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас ажилтай холбоотой зардал 1 сая төгрөгийг шйидэж өгөөгүй тул бид буулгах боломжгүй” гэсэн. Үүний дараа би Гал унтраах ангийн захирагчид үүрэг өгсөн. Машин гаргах, салаан захирагчийг томилох, жолоочийг томилох үүрэг гал унтраах ангийн захирагчид байдаг” гэжээ.

Харин Ж.ГанхөлөгТухайн өдөр би ээлжнээс бууж байсан. Гэтэл салаан захирагч н.Эрдэнэбаяр ирээд “Самбар буулга. Чи машин бариад яв” гэсэн. Би машин барих эрхтэй боловч удирдах үүрэггүй. Хэргийн газарт очоод шат удирддаг хүн байхгүй гээд намайг сагс руу гаргасан. Шатаа хураах явцдаа тогны утсанд ойртсон. Шат гацдаг учраас заавал өөр үйлдэл хийж байж дараагийн үйлдлийг хийдэг. Тэгээд хураагаад дахиад дээшээ өргөхөд тогны утсанд ойртсон” гэжээ. Ташрамд дурдахад, хохирогч нь өндөр хүчдэлтэй ойр газарт ажиллана гэж төлөвлөөгүй мөн самбар буулгах нь онцгой байдлын албан хаагчийн ажил үүргийн хуваарьт байдаггүй байна.