Ж.Байден, Ши Жиньпин нарын уулзалтын үндэс суурийг тавих төлөвтэйгээр АНУ, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзжээ

Ж.Байден, Ши Жиньпин нарын уулзалтын үндэс суурийг тавих төлөвтэйгээр АНУ, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзжээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд баасан гарагт уулзжээ.

Талууд хамгийн сүүлд энэ оны долоодугаар сард Индонезийн Бали аралд уулзсан юм. Нью-Йоркт хийсэн уулзалтын өмнө Э.Блинкен Австрали, Япон, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд нартай уулзсан байна. АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр, АНУ БНХАУ-тай харилцаа холбооны шугамуудыг нээлттэй хэвээр байлгах хүсэлтэй байгааг илэрхийлээд, Вашингтон “Нэг Хятад” бодлогыг тууштай баримталж байгааг дахин нотолжээ. Э.Блинкен Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хадгалах нь бүс нутгийн хийгээд дэлхий нийтийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтойг тодотгосон гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс мэдээлсэн байна.

Ван Игийн хувьд, “Вашингтон Тайванийн талаар “маш буруу, аюултай дохио” өгч байгааг уулзалтын үеэр онцолсныг “Reuters” агентлаг Хятадын Гадаад хэргийн яамны мэдэгдлийг эш татан мэдээлсэн байна. Мөн АНУ Тайваньтай холбогдуулан Бээжингийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулахыг оролдож байна гэж тэрбээр хэлжээ.

Төрийн департаментын мэдэгдэлд дурдсанаар, энэхүү уулзалт нь Вашингтоны Бээжинтэй “харилцааны нээлттэй шугамыг хадгалах, өрсөлдөөнийг хариуцлагатайгаар зохицуулах” хүчин чармайлтын нэг хэсэг болжээ. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси өнгөрсөн сард Тайваньд айлчилж, Ерөнхийлөгч Жо Байден тус арлыг хамгаалахаа амласнаас хойш хоёр орны хооронд хурцадмал байдал даамжраад байгаа юм.

Э.Блинкен, Ван И нарын уулзалт нь Ж.Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалтын үндэс суурийг тавих төлөвтэй байгаа бөгөөд энэ нь Ж.Байденыг албан тушаалдаа орсноос хойших талуудын анхны биечилсэн уулзалт болно. Энэхүү уулзалт Бали аралд ирэх 11 дүгээр сард болох “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд болох төлөвтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ