В.Путинд хандаж “Дайнаа зогсоо” хэмээн уриалсан Ц.Элбэгдоржийг Украины хэвлэл онцолжээ

В.Путинд хандаж “Дайнаа зогсоо” хэмээн уриалсан Ц.Элбэгдоржийг Украины хэвлэл онцолжээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин энэ сарын 21 /2022.09.21/-ны өдөр “хэсэгчилсэн цэргийн дайчилгаа” зарласан. Иймд тус улсын иргэд цэргийн дайчилгаанаас зугтаж Гүрж, Финлянд, Монгол зэрэг орнууд руу дүрвэж эхлээд байна. Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд хандаж, “Дайнаа зогсоо” хэмээн уриалсныг бид өмнө мэдээлж байсан. 

Тэгвэл Ц.Элбэгдоржийн дээрх мэдэгдлийг Украины хэвлэл онцолсон байна. Тус мэдээлэлд, “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандан Украины эсрэг дайныг нэн даруй зогсоохыг уриалж, Путины дэглэмийн зарласан цэргийн дайчилгаанаас зугтсан оросуудыг Монгол Улс хүлээн авахад бэлэн байна гэж мэдэгдлээ.

Тэрээр, “Би тантай олон удаа уулзаж байсан. Танд л энэ дайныг яг одоо зогсоох хүч чадал байгаа. Одоо энхийг бүтээх цаг боллоо. Орос орныг хараад миний зүрх сэтгэл эмтрэх юм. Украины эсрэг цуст дайн эхэлснээс хойш Орос дахь үндэстний цөөнх, ялангуяа Кремлийн их бууны тэжээл болгон ашигладаг Буриад, Тува, Халимагийн оршин суугчид хамгийн их хохирч байна. Тийм ч учраас Монгол Улс В.Путины дайчилгаанаас зугтсан хүмүүсийг хүлээж авахад бэлэн байна. Украинчуудыг битгий бууд. Эгч дүү нараа, хүүхэд хөгшчүүлээ битгий бууд. Тэр улсыг битгий ал. Эрх чөлөөг нь бүү хөнөө. Украин оршин тогтнох бүрэн эрхтэй" гэж тэр хэллээ.

Мөн Украйны эрэлхэг ард түмэн болон Ерөнхийлөгч Владимир Зеленскийд хандан тэр үг хэллээ. "Таны эр зориг, манлайлалд баярлалаа. Чи ялбал бүх ард түмэн ялна. Ямар ч дарангуйлал үүрд үргэлжлэхгүй. Ард түмний эрх чөлөөний нэгдмэл байдал үргэлж ялна” гэжээ.

Эх сурвалж ЭНД ДАРЖ харна уу