П.Цагааны “Ачит Ихт” ХХК-д АТГ-аас нэгжлэг хийжээ

П.Цагааны “Ачит Ихт” ХХК-д АТГ-аас нэгжлэг хийжээ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны “Ачит Ихт” ХХК-д АТГ-аас нэгжлэг хийсэн тухай мэдээлэл цацагдаж эхэллээ. Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд өнгөрсөн баасан /2019.10.25/ гарагт Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт үйлдвэрийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг “Ачит Ихт” ХХК-ийн зэс олборлох үйлдвэр, Улаанбаатар хотын “Хаан банк”-т байрладаг оффист нэгжлэг явуулсан гэх мэдээлэл байна.

Улмаар “АТГ-ын ажилтнууд тус үйлдвэрийн оффист бүтэн өдрийн турш нэгжлэг хийж, Эрдэнэт үйлдвэрийн овоолготой холбоотой бүх гэрээ баримтуудыг хураажээ. Нэгжлэг удаан хугацаанд үргэлжилсний улмаас “Ачит Ихт” ХХК-ийн ажилтнууд үдийн цайндаа ч орж чадаагүй” аж. Энэ талаар АТГ-ын эх сурвалжаас тодруулахад “Үнэн” гэв.