ONDO алдарт NOKIA компанитай хамтарч ажиллахаар болжээ

ONDO алдарт NOKIA компанитай хамтарч ажиллахаар болжээ

Монгол Улс 2023 оноос үйлчилгээ эрхлэгчдийн радио давтамжийг 5G технологийн үйлчилгээнд ашиглуулах боломжийг бүрдүүлэх, холбогдох тусгай зөвшөөрлийг олгох эрх зүйн зохицуулалттай. Үүрэн холбооны ONDO оператор энэхүү шинэ үеийн дэвшилтэт технологийг хамгийн түрүүнд зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Энэ зорилгын хүрээнд өнөөдөр Финландын алдарт NOKIA компанитай 5G сүлжээ байгуулах гэрээ болон Стратегийн хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ нь зөвхөн ONDO компаниас гадна Монгол улсын харилцаа холбооны салбар дахь түүхэн үйл явдал юм. Өнгөрсөн хугацаанд харилцаа холбооны салбарын үйлчилгээ гаднын технологийг ашиглаж хийгддэг байсан бол Nokia компанитай удаан хугацааны хэлэлцээр хийсний үндсэн дээр технологийн хөгжүүлэлтийн салбарт хамтарч ажиллахаар болжээ. Ингэснээр ONDO Nokia-тай хамтарч технологи хөгжүүлэх, цаашлаад бүтээсэн технологио дэлхийн зах зээл дээр гаргах боломж бүрдэх юм.

5G сүлжээний технологи нь бидний одоо ч хэрэглэсээр байгаа 2G сүлжээнээс даруй 1000 дахин илүү хурдтай. Ийм учраас хүн болон машин хоорондоо холбогдоход илүү уян хатан, хурдан, хоцрогдолгүй байх боломжийг бий болгож чаддаг. 5G технологи нь шинэ, өндөр түвшний, илүү бүтээлч үйлчилгээнүүдийг амьдралд нэвтрүүлэхэд тусалж, замын хөдөлгөөнийг илүү аюулгүй, хотын амьдралыг зохион байгуулалттай, бизнесийн экосистемийг уялдаатай болгож, уул уурхай, газар тариалан төдийгүй метаверс, ердийн видео тоглоомын хөгжлийг өмнө нь хэзээ ч байгаагүй түвшинд хүргэнэ. Өөрөөр хэлбэл 5G технологи тун удахгүй та бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болох болно.

ONDO компанитай 5G болон бусад салбарт хамтран ажиллахаар хэлцэлд хүрч, гэрээнд гарын үсэг зурсан NOKIA компани 5G сүлжээний дэд бүтэц, технологийн үйлдвэрлэлээрээ дэлхийн тэргүүлэгч компаниудын нэг юм. NOKIA дэлхийн 130 улсын технологи, судалгаа, хөгжүүлэлтийн салбарт 2000 оноос хойш нийт 130 тэрбум еврогийн хөрөнгө оруулсан бөгөөд таван тивийн 17 улс дахь инновацын төвөө шууд удирдан ажиллуулдаг.

2021 онд 22.2 тэрбум еврогийн цэвэр борлуулалт хийсэн энэхүү компани 9 Нобелийн шагнал, 8 Эмми, 2 Грэмми, 1 Оскарын шагналыг эзэмшдэг. Өнөөдөр NOKIA компанийн технологи, төхөөрөмжийг дэлхийн 6.6 тэрбум хүн өдөр тутмын ажил, амьдралдаа ашигладаг бөгөөд технологийн салбарт дэлхийн тэргүүлэгч энэ компани 6G сүлжээний дэд бүтэц, технологи дээр хэдийн ажиллаад эхэлсэн байна.

Үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэхээс гадна технологийн хөгжүүлэлтээ өөрсдөө хийдэг ONDO компани технологийн дэвшил ба Монгол оюуныг хослуулан дэлхийн зах зээлд гарахаар зорин ажиллаж байгаа билээ.