Лалын улс бүлэглэлийн удирдагчийг устгасан тухайгаа АНУ зарлав

Лалын улс бүлэглэлийн удирдагчийг устгасан тухайгаа АНУ зарлав

АНУ-ын тусгай хүчнийхэн Лалийн улс бүлэглэлийн толгойлогч Багдадиг устгах ажиллагааг Сирийн Идлиб мужид өнгөрөгч бямба гарагт явуулсан байна.

Аль-Багдади тусгай ажиллагааны үеэр зугтан ойролцоох хонгилд нуугдахыг завдсан байна. Тэрээр бүсэндээ зүүсэн тэсрэх бөмбөгийг тэсэлж, өөрийгөө болон гурван хүүхдийнхээ хамтаар амиа хорложээ.

Ингээд ДНК-ийн шинжилгээгээр Багдадиг мөн болохыг баталжээ. Абу Бакр аль-Багдади нь Ирак, Сирийн бүс нутагт Халифатын вант улс байгуулахыг зорьж байжээ. АНУ-ын эрх баригчид 2014 оноос эхлэн Лалын улс бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж, тус бүлэглэлийн толгойлогчийн байршлыг зааж өгсөн хүнд 25 сая ам.доллар амлаж байсан юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн ням гарагт Цагаан ордонд хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр Лалын улс бүлэглэлийн удирдагч Абу Бакр аль-Багдади амь үрэгдсэн талаар мэдээлсэн юм. Д.Трамп энэ талаар мэдэгдэхдээ "Багдадиг устгасан нь Осама бен Ладеныг устгаснаас илүү ач холбогдолтой үйл явдал" гэжээ. Багдадиг устгах ажиллагаанд ОХУ, Турк. Сири, Иракийн засгийн газар дэмжлэг үзүүлсэн байна.