Ховд аймагт 1400 гаруй хөөмийч хөөмийлж, Геннист бүртгүүлнэ

Ховд аймагт 1400 гаруй хөөмийч хөөмийлж, Геннист бүртгүүлнэ

Ховд нутгийн зон олон соёлын үнэт өв болсон хөөмийн урлагаа өнөөдөр /2019.10.30/ “Дэлхийн дээд амжилт”-д бүртгүүлэх гэж байна. Уг үйл ажиллагаанд тус аймгийн ерөнхий боловсролын 25 сургууль, 15 цэцэрлэг, Ховд их сургууль, “Хөгжил” политехник коллеж, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн авьяаслаг залуус, хүүхэд багачууд болон ардын авьяастнууд, мэргэжлийн уран бүтээлчид зэрэг 1400 гаруй хөөмийч оролцож байгаа аж.

Өөрөөр хэлбэл, таван настай балчраас эхлээд 83 настай Улсын тэргүүний уран сайханч буурай хөөмийч "Хүн хөгжим" болсон Монгол хөөмийг "Гиннесийн ном"-д бүртгүүлэх гэнэ. Монгол хөөмийгөө дэлхийн дээд амжилт, Геннисийн номонд бүртгүүлэх түүхэн үйл хэрэгт оролцохоор бусад аймгууд, Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Тува Улс, ӨМӨЗО-ны хөөмийчид хүрэлцэн иржээ.

“Хамгийн олон хөөмийч нэгэн зэрэг хөөмийлөх” үйл ажиллагааг аравдугаар сарын 30-ны 11.00 цагт аймгийн Биеийн тамир спортын газар зохион байгуулах бөгөөд арга хэмжээг шүүх Английн Лондон хот дахь Геннисийн амжилтын хорооны шүүгчид Ховд аймагт ирээд байгаа аж.