"Эдийн засгийн чуулган-2019" хөрөнгө оруулагчдын УИХ-ын гишүүдэд итгэх итгэл алдарсан талаар хөндөж байна

"Эдийн засгийн чуулган-2019" хөрөнгө оруулагчдын УИХ-ын гишүүдэд итгэх итгэл алдарсан талаар хөндөж байна

“Монголын Эдийн засгийн чуулган-2019” “Үндэсний эрх ашиг” уриан дор МҮХАҮТ-ын хурлын танхимд өнөөдөр эхэллээ.

Эхний хэлэлцүүлэг “Хариуцлагатай Монгол” сэдвээр өрнөсөн юм. Энэ талаар гол хэлэлцүүлэгчээр (панелистаар) оролцож буй эдийн засагч Б.Мөнхсоёл хэлэхдээ, “Өнөөдөр бизнес эрхлэгчид тулгарч буй зүйлээ хэлэлцэж ярилцсаны эцэст зөвлөмж гаргаад төр, засаг буюу шийдвэр гаргагч нарт хүргэх зорилгоор чуулж байна. Тийм учраас өнөөдрийн чуулганы илтгэгч болон хэлэлцүүлэгт оролцогч гол хүмүүс нь (панелистууд) өндөр албан тушаал эрхлээгүй, бодит амьдрал дээр өөрсдийн бизнесээ хийж буй, иргэний нийгмийн хувьд дуу хоолойгоо гаргаж буй хүмүүс байгаа” гэв.

“Хариуцлагатай Монгол” сэдвийг хөндөх болсон талаар тодруулахад, тэрээр, “Энэ нь өнөөдөр манай улсад хувь хүний түвшинд ч тэр, ААН-ээс эхлээд албан тушаалтны түвшинд хариуцлага алдагдсантай холбоотой. Манай улс олон улсын бизнесийн болон бизнесийн бус бүх жагсаалтанд хойшоо байр эзэлж, ухарч байгаа нь хариуцлагагүй явдалтай л холбоотой гэдгийг чуулганаар ярихад хүргэж байна” гэв.

Хариуцлагыг ярихдаа түүнийг хэрэгжүүлэх механизмыг хөндөх учиртай гээд хариуцлага тооцохгүй бол манай аль ч түвшинд айж эмээж ичих зүйлгүй болж, үүрэг хариуцлага үүрч хүлээхгүй болж байна. Энэ нь хүмүүс хоорондын харьцаанаас эхлээд эрх барьж буй улстөрийн намууд, УИХ-ын гишүүдэд итгэх итгэл хөрөнгө оруулагчдаас эхлээд хаана хаанаа алдарч, энэ байдал нь улс орны бизнес эдийн засгийн амьдрал сөргөөр нөлөөлж байна” гэв.

Эхний хэлэлцүүлэгт оролцогчдын байр суурийг цааш хүргэвэл, “Барс групп”-ийн ерөнхийлөгч Ч.Амарбаатар, “Бизнесийн индекс уруудаж муудаад байхад манайд ардчилал, төсөв, татвар гээд бүх л юмны тухай яриад буй хэрнээ бизнесийн талаар онцгойлон анхаарч ярихгүй юм.

Уг нь Үндсэн хуулиндаа төр хувийн хэвшлийг хамгаална гээд заасан. Гэтэл байдал дээр эсрэгээр байна. Бид татвараа төлөөд энэ олон зөвшөөрөл бүх юмыг даваад Засгийн газрын бодлогыг хэрэгүүлээд явж байхад л бизнест хөндлөнгөөс орж ирээд бизнесийг зүгээр л зогсоож байна” хэмээн шүүмжлэлтэй хандаж байв.

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл, “Эдийн засгийн чуулган дээр хариуцлагын талаар хөндөж буйд зарим хүн гайхаж байна. Гэхдээ миний хувьд бол дэмжиж байна. Гүржүүдийг олон оронд авлига авдаг зальтай хүмүүс гэж боддог, тэд ч энэ талаар өөрсдөө хэлж ярьдаг. Гэтэл өнөөдөр энэ улс авлигагүй болсонд тэд өөрсдөө ч гайхаж байгаагаа нуухгүй байна. Авлигаас яаж ангижирав гэхээр хуулиас эхэлж. Тодруулбал, эхлээд 15 мянган албан хаагчийг төрийн албанаасаа халж. Өнөөдөр Гүржид шүүх, цагдаа төрөөс хараат бус, хамааралгүй болж, үүнийгээ хуульчлаад байна” гэсэн жишээг хэлж, “Гэтэл манай улсад бараг бүх зүйл төрөөс хараат, бүр бүлэглэлийн хуваагдалд ороод байна” гэв.

“Монголын Эдийн засгийн чуулган-2019”-аар дуулдсан нэг мэдээлэл нь МҮХАҮТ, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Монголын бизнесийн зөвлөл, СЕО клуб зэрэг эдийн засаг, бизнесийн төлөөлөл болсон 4 ТББ үйл ажиллагаагаараа нэгдэн хамтран ажиллахаар болж Харилцан ойлголцлын санамж бичиг гарын үсэг зурж байна.

Чуулганы хэлэлцүүлэг үдээс хойш “Саарал Монгол”, “Бүтээлч Монгол” сэдвээр үргэлжилж байна.