МАН: Аялал жуулчлалын шинэ маршрутыг нээхээр ажиллаж буй учир Хэнтийд өндөр хөрөнгө төсөвлөгдсөн

МАН: Аялал жуулчлалын шинэ маршрутыг нээхээр ажиллаж буй учир Хэнтийд өндөр хөрөнгө төсөвлөгдсөн

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, УИХ 2020 оны төсвийн тухай хуулийн төсөл болон Ерөнхийлөгч Х.Баттулгаас өргөн барьсан Элчин сайдуудыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцжээ.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөхдөө “2020 оны улсын төсөвт 250 орчим тэрбум төгрөгийн зардлыг бууруулж мөн тэр хэмжээний зардлыг нэмэх саналыг бүлгийн хуралдаанаар хэлэлцүүллээ. Зарим зардлыг хэмнэж өөр ажилд зарцуулахаар болсон. Нэн ялангуяа Эрүүл мэндийн салбарт нэлээн анхаарал тавьж байна. Хавдарт өвчин судлалын үндэсний төвийн эмнэлэгт анхаарах гэх мэт. Мөн томоохон эмнэлгүүдийн төхөөрөмжийг шинэчилнэ. Ялангуяа төвийн томоохон эмнэлгүүдийн тоног, төхөөрөмжийг шинэчилнэ. Хавдрын эрт оношлогоог илрүүлэх чиглэлээр хууль баталсан. Үүнтэй холбоотойгоор тодорхой төсвийг баталсан. Эрүүл мэндийн салбарт хэрэгтэй төсвийг аль болох бүгдийг нь суулгаж өгсөн. Харин боловсролын салбарын хэмжээнд гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудын тоог цөөлөх зорилготой байгаа. Нийслэлийн хэмжээнд шинээр зургаан ЕБС барихаар төсөвт мөнгийг нь тусгана. Нийслэлээс 319.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж байгаа. Үүнийг бууруулж өг гэж нийслэлээс сонгогдсон гишүүд тавьдаг. Бууруулах боломж үгүй. Хэрвээ бууруулна гэвэл төсвийн хуульдаа өөрчлөлт оруулахаар өөр аргагүй. Хөрөнгө оруулалт, урсгал зардлын хэмжээнд 250 тэрбум төгрөгийг хэмнэх, нааш, цааш нь оруулах асуудлыг хэлэлцээд бүлгийн хуралдаанаар дэмжсэн. Цаашид байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Энэ асуудалд зохицуулалт хийнэ.

Мөн Ерөнхийлөгчөөс зургаан улсын элчин сайдыг эргүүлэн татаж, томилох саналыг оруулж ирсэн. Уг саналыг өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн.

Тодруулбал,

-ОХУ-д Дуламсүрэнгийн Даваа

-Бүгд Найрамдах Куба улсад  Шагдарын Батцэцэг

-Бүгд Найрамдах Польш улсад Бархас Дорж

-Шведын Вант улсад Түвдэндоржийн Жанабазар

-Тайландад Амарсанаагийн Төмөр

-НҮБ-ын байнгын төлөөлөгчөөр У.Энхболд гэсэн зургаан хүний нэрийг оруулж ирснийг хэлэлцээд дэмжсэн” гэлээ.

Мэдээллийн дараа хэлэлцсэн асуудалтай холбогдуулан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Төсвөөс ямар, ямар таналт хийж байна вэ?

-Төсөв дээр тодорхой саналыг хасч байгаа. Зарим хөрөнгө оруулалтын дүнг бууруулж, он дамжуулж байгаа. Маргааш ажлын хэсэг албан ёсоор хуралдаж шийдвэр гаргана.

-Ашигт малтмалын тухай хуулийг заалтыг ҮХЦ хүчингүй болгосныг хэлэлцсэн үү?

-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг чөлөөлвөл 2020 орны төсөв дээр 1,2 их наяд дутахаар байгаа. Тиймээс энэ чиглэлээр ажиллаж байна. Байнгын хороогоор маргааш хэлэлцэнэ. Хуулийн өөрчлөлтийг энэ долоо хоногт хийнэ. Хурдан шийдвэрлэхгүй бол татварын янз бүрийн асуудал үүсэхийг үгүйсгэхгүй.

-Аймгуудад төсөвлөгдсөн хөрөнгө оруулалт шүүмжлэл дагуулаад байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хэнтий аймагт өндөр хөрөнгө төсөвлөгдсөн. Авто зам баригдахаар төсөв нь өндөр гарчихаад байгаа юм. Хэнтий аймгаас Бэрх, Бор-Өндөр, Дадал руу аялал жуулчлалын зам тавигдаж дэд бүтцийн ажил хийгдэнэ. Аялал жуулчлалын шинэ маршрутыг нээхээр ажиллаж байна. Соёл урлагийн чиглэлд хөрөнгө оруулалтыг хийхээр болсон. Нэг дор бөөнөөр нь шийдэхээр болсон.

-Энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарыг огцруулах асуудлыг ярина. Монгол улс саарал жагсаалтад орсон асуудлаар хариуцлагын асуудал ярьж байгаа юм бол Сангийн сайд болон Хууль зүйн сайдтай хариуцлага ярих ёстой юм биш үү?

-Саарал жагсаалттай холбоотой асуудлыг Засгийн газар олон дахин ярьсан. Хариуцлагын асуудал энэ хүрээнд дуусахгүй болов уу.

-Үндсэн хуулиар зөвшилцөх ажлын хэсэг хэзээ хуралдах вэ?

-Ажлын хэсэг энэ долоо хоногт эрчимтэй хуралдана. Үүний дараа АН-аас гаргасан саналыг хүлээж авах болон бусад асуудлыг ирэх долоо хоногт тодорхой болгож МАН-ын бүлэг шийдвэрээ гаргана.