ВИДЕО: ЕБС-ийн сурагчдын дунд 40 сая төгрөгийн шагналтай "Ном унших" тэмцээн болж байна

ВИДЕО: ЕБС-ийн сурагчдын дунд 40 сая төгрөгийн шагналтай "Ном унших" тэмцээн болж байна

Монгол Улсад анх удаа номоор дамжуулан хүүхдэд нийгмийн боловсрол олгох зорилго бүхий 40 сая төгрөгийн шагналын сантай “Өглөөний уншлага” тэмцээн бүх Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарлагдсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. 

Энэхүү хөтөлбөрийг анх Япон улс санаачлан хэрэгжүүлснээр гэмт хэрэг, нийгмийн сэтгэлзүй эрүүлжиж, хүүхдүүдэд эх оронч сэтгэл илүүтэй суужээ. Улмаар тус улсын засгийн газраас уг төслийг жил бүр хэрэгжүүлдэг болж, 100 тэрбум хүртэлх хөрөнгөөр санхүүжүүлдэг томоохон ажлын нэг болжээ. Иймд Монголын нийгэмд тулгамдаж буй асуудлыг нэг хүүхдийн боловсрол, сэтгэл зүй, хөгжил, нийгмийн боловсролд бодитой хувь нэмэр оруулах үүднээс "Альфабүүк" номын дэлгүүр 40 сая төгрөгийн шагналын сан бүхий уралдааныг бүх насны ЕБС-ийн сурагчдын дунд зарлаад байгаа юм. 

ВИДЕО: 

Тэгвэл бид энэ талаар “Альфабүүк” номын дэлгүүрийг үүсгэн байгуулагч Д.Оюунсүрэн болон “Өглөөний уншлага" хөтөлбөр хариуцсан менежер А.Даваажаргалтай ярилцлаа.

-БУСАД ОНЦГОЙ ШАГНАЛУУДЫГ ЯВЦЫН ДУНД НЭМНЭ ГЭЖ БОДОЖ БАЙГАА. ТЭГЭХЭЭР ТЭМЦЭЭН МААНЬ 40 САЯ ТӨГРӨГӨӨР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ-

Энэ үеэр “Өглөөний уншлага” хөтөлбөрийн санаачлагч Д.Оюунсүрэн "Тэмцээн бага анги, дунд анги, ахлах анги гэсэн гурван төрлөөр явагдана. Бид төрөл бүрээс гурван анги шалгаруулна. Ингэхдээ анги удирдсан багшийг нь бид бэлэн мөнгөөр шагнаж урамшуулна. Харин оролцож буй ангийн хүүхэд бүрийг 100 мянган төгрөг хүртэлх мөнгөн дүнгээр ном авах эрхийн бичгээр шагнаж байгаа. Энэхүү уралдаан тавдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ.

Улмаар  явцын дунд өөр ивээн тэтгэгч байгууллагуудтай уулзаж, бусад онцгой шагналуудыг нэмж явна гэж бодож байгаа. Тэгэхээр тэмцээн маань 40 сая төгрөгөөр хязгаарлагдахгүй. Бүр том шагналын сантай. Орон даяар хэрэгжих томоохон хөтөлбөр болж хувирна гэдэгт итгэлтэй байна.

-УРАЛДААНД ОРОЛЦОХДОО УНШИХ НОМЫН МЭРГЭЖЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧТЭЙ ЯРИЛЦАЖ, НАС НАСНЫ АНГИЛАЛД ТОХИРОХ НОМУУД СОНГОНО-

Бид энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн өмнө судалгаа хийсэн юм. "Өглөөний уншлага хөтөлбөр Япон Улсаас эхлэлтэй. Энэ хөтөлбөрийн анх  1988 онд японы нэг сургуулийн хоёр багш хоорондоо ярьж байгаад сурагчдадаа хэрэгжүүлсэн байдаг юм. Тухайн үед тус улсын нийгэмд хүнд гэмт хэргүүд их гардаг. Нийгмийн сэтгэл зүй маш хүнд байсан гэдэг юм байна лээ. Тэгээд “Өглөөний уншлага” хөтөлбөрийг хэрэгжүүлээд хэдэн жилийн дараа ном уншиж буй энэхүү дадал нь хүүхдүүдэд сэтгэл зүйн болон нийгмийн боловсролыг олгосон. Үүний дараа гэмт хэргийн гаралт огцом багсаж нийгмийн орчин, хүүхэд, эцэг эхийн стресс зэрэг нь тодорхой түвшнээр буурсан гэдэг нь судалгаагаар батлагдсан байдаг. Түүнээс хойш одоог хүртэл япон улс уг хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлж ирсэн байдаг.

Тиймээс бид яг энэ жишгийг монголдоо хэрэгжүүлэхээр зориглож хувийн компаниар буюу өөрсдөө 40 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарласан. “Альфабүүк” тийм баян, том компани биш шүү дээ. Тэгэхээр энэ хөтөлбөр үнэхээр үнэ цэнтэй гэсэн үг.

Сайн үр дүнд хүрнэ гэж бодож байгаа. Учир нь ном унших энэхүү жижиг дадал нь хүүхдэд маш үнэтэй боловсрол, хүүхдийн ёс зүй, хүмүүжил, оюуны хөгжил, бусдыг ойлгох чадвар гээд олон зүйлсийг өгч, хөгжүүлнэ. Өнөөгийн нийгэмд өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй гэлтгүй бага насны хүүхдэд ч хүнд үе тохиож байгаа. Иймд нийгмийн асуудлуудад жижигхэн ч гэсэн ийм нэг нөлөөлөл шийдэл болж чадна гэдэг үүднээс бид хүүхэд рүү чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Түүнчлэн бид хүүхдүүдийн уралдаанд оролцохдоо унших номын мэргэжлийн сэтгэл зүйчтэй ярилцаж, нас насны ангилалд тохирох номууд сонгож байгаа" гэсэн юм. 

Мөн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар “Өглөөний уншлага" хөтөлбөр хариуцсан менежер А.Даваажаргалтай ярилцах үеэр "Тэмцээнд бүх насны ЕБС-ийн сурагчид оролцож болно. “Өглөөний уншлага” гэхээр хамгийн их ирж буй асуулт нь “Манай анги өдөр ордог. Өдөр уншиж болох уу” гэсэн асуултууд нэлээд ирсэн.

Энд хичээлийн цаг мөн ямар ч хамаагүй. Хүүхэд бүр хичээл эхлэхээс өмнө 10-15 минут ном уншиж бичлэг, зургаа авч "Өглөөний уншлага хөтөлбөр"-ийн пэйж хуудсанд байршуулахад болно гэсэн үг.

Бас нэг хөөрхөн асуулт ирсэн. Тэр нь юу вэ гэхээр “Нэгдүгээр ангийн хүүхдүүдийг уншиж сурахаар нь арванхоёрдугаар сараас оруулж болох уу” гэсэн байсан. Ёстой хөөрхөн санагдсан. Магадгүй Монгол Улсад сайн боловсрол гэхээр төлбөр өндөртэй хувийн сургууль болсон хэдий ч эцэг эхчүүд маань хүүхдээ сургах идэвх зүтгэлтэй байгаа нь харагдаж байна лээ.

Боловсролын яам хүртэл хүүхдийн тэгш боловсрол гэж ярьдаг ч бодлого хөрсөндөө буудаггүй шүү дээ. Гэхдээ энэ хөтөлбөр жижиг юм шиг боловч хүүхдэд хамгийн сайн боловсрол, хүмүүжлийг өгнө гэж бодож байна. Ийм л зорилгоор бид энэ хөтөлбөрийг монголдоо хэрэгжүүлээд нэг жил болж байна. Тэгээд илүү олон хүүхдүүдэд таниулахыг тулд мөнгөн шагналтай. Арай өндөр төсөвтэй уралдаан зарлаж байгаа нь энэ юм л даа. Хөтөлбөр маань ч амжилттай хэрэгжиж эхэлсэн. Бид бүртгэлээ зарлаад хоёр хонож байгаа ч гэсэн аль хэдийн 800 гаруй анги бүртгүүлсэн байна. Нэг анги нь дунджаар 30 хүүхэдтэй гэж тооцвол 24 мянган хүүхэд бүртгүүлсэн байна гэсэн үг.

Хамгийн гол нь энэ хөтөлбөрт хүүхдийг хүчилж оролцуулж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.  Жишээ нь ангид 20 хүүхэд байхад хоёр нь оролцохгүй байж болно. Заавал бүгдийг нь ор гэж шаардахгүй. Бас зургийн авч олон нийтийн сүлжээнд тавих учир эцэг эхээс нь зөвшөөрөл авах хэрэгтэй.

Мөн хүүхдүүд царай гаргаж болохгүй гэж үзвэл нүүрийг нь номоор хаах ч юм уу. Ямар ч байдлаар зургаа авхуулах боломжтой. Тэгэхээр хүүхэд бүрийг албадан шахаагүй. Хүслээрээ оролцож буй уралдаан шүү гэдгийг хэлэх нь зүйтэй байх" хэмээсэн юм. Мөн тэд "Эцэг эхчүүд үр хүүхдэд нь өгөөжтэй хөтөлбөр шүү гэдгийг ойлгож, тэмээнд нь хамтран оролцож, багшийг нь дэмжиж хүүхдийнхээ хөгжилд анхаараасай гэж хүсэж байна. Үнэхээр зөв зүйлд хүүхдүүд тань оролцон шүү гэж хэлмээр байна. Хүүхдүүд минь ерөөсөө ичилгүй. Өдөр болгон номоо уншиж, уралдаандаа идэвхтэй оролцоорой гэж хүсье" гэдгийг онцлон дурдав.