О.Баяндолгор: Анх нөхрөө дагаад юу ч мэдэхгүй Армен улсад ирсэн бол одоо өөрийн гэсэн мал аж ахуйтай, сайхан амьдарч байна /ВИДЕО/

О.Баяндолгор: Анх нөхрөө дагаад юу ч мэдэхгүй Армен улсад ирсэн бол одоо өөрийн гэсэн мал аж ахуйтай, сайхан амьдарч байна /ВИДЕО/

Дэлхийн өнцөг булан бүрд Монголын түүх соёл, өв уламжлалыг түгээж яваа олон монгол бий. Тэдний нэгэн төлөөлөл болох Армени улсад 11 жилийн турш мал аж ахуй эрхэлж буй О.Баяндолгортой бид ярилцлаа. Тэрбээр Армен Улсын иргэн болох нөхөр Граата Ерицянтай анх Монголд танилцаж улмаар 2011 онд Армен Улсад амьдрахаар зорьж байжээ. Одоогоор хоёр хүүхдийн хамт тус улсын Гегаркуник мужийн Антарамэч тосгонд амьдарч байна. 

ВИДЕО:

-Сайн байна уу. Та Монголын үзэгч, уншигчдадаа өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу монголчуудаа. Намайг О.Баяндолгор гэдэг. Ам бүл гурвуулаа. Миний охины нэрийг Варсик гэдэг. Одоо 18 настай. Хүү минь 17 настай, Аршак гэдэг. 

-Анх Арменид очсон түүхээсээ хуваалцаач?

-Анх нөхрөө дагаж ирж байсан. Монголд байхад нөхрийн зүрх нь өвдөж эмч нарын зүгээс "Газар зүйн хувьд нам дор газар амьдрахыг зөвлөсөн" учраас нөхрийнхөө төрөлх улсад ирсэн юм.

-Арменийн хэвлэл 2015 онд таны талаар онцолж байсан санагдаж байна. Тухайн үед тус улсын хэвлэл юу гэж онцолж байв? 

-Тийм. Тухайн үед Арменид ажиллаж амьдардаг ганцхан монгол хүн гэдэг үүднээс сурвалжилж байсан. Одоо надаас гадна хоёр ч монгол иргэн бий. Тухайн үед нөхөр маань ч нас бараад удаагүй, иргэншлийн ч асуудал гарсан байсан учраас хүнд хэцүү нөхцөл байгаа талаас нь их харуулсан байсан. Одоо юугаар ч дутахгүй ар гэрээ сайхан авч яваад жаргалтай амьдарч байна.

О.Баяндолгор

-Таныг мал малладаг гэдгийг түлхүү онцолсон байсан шүү дээ. Энэ талаар ярихгүй юу?

-Мал малладаг гэхээс илүүтэй аж ахуй эрхэлдэг гэвэл зохистой байх. Арменид мал аж ахуйгаа эрхлээд өөрийн амьдралаа босгоод явж байгаа.

-Одоо хэдэн малтай вэ. Ямар амьтад тэжээж байна вэ?

-Яахав хэлэхэд үнэхээр ичмээр л дээ. Одоогоор 30 хонь, нэг үнээ, нэг тугал, тахиа, гахай, муур, нохой тэжээдэг. Миний хувьд бараг ганцаараа ажилладаг учраас өөрийнхөө хүч чадал, боломж бололцоондоо тааруулж л цөөн хэдэн амьтнаа тэжээдэг гэх үү дээ.

-Монголд мал аж ахуй эрхэлж байсан уу. Арменид мал аж ахуй эрхлэхийн бэрхшээлтэй тал юу байдаг вэ?

-Монголд ерөөсөө мал аж ахуй эрхэлж байгаагүй. Хотын хүүхэд байсан. Арменид анх ирээд асуудал, бэрхшээл их л тулгарсан л даа. Гэхдээ монголчууд хаана ч хөрвөх чадвар сайтай учраас болгосоор ирсэн. Анх нөхөр маань надад зааж сургаж байсан бол одоо хажуу хөрш айлын хүмүүс их тусалж дэмждэг. Энд нэг сайхан зүйл нь хөршүүд их найрсаг. Долоо долоо хоногоор ээлжилж бие биеийнхээ хонийг нийлүүлж хариулдаг. Энэ долоо хоногт би хариуцаж байгаа учраас ажил их л байна. Дараа долоо хоногт хөршийндөө хүлээлгэж өгөх учраас хүнд ажил удаад яахав гэж бодоод сайн идээшлүүлээд завгүй гүйх шинжтэй.

-Тус улсын онцлогийн талаар та яриач?

-Армени бол маш эртний улс. Миний амьдардаг тосгоны хувьд "Монголоор хэлбэл" хөдөө л гэсэн үг шүү дээ. Хөдөө мал малладагтай адил тосгонд мал аж ахуй эрхэлдэг. Дан цалингаараа амьдрахад бэрхшээлтэй. Армени улсыг тойроод дандаа мусульман шашинтай хүмүүс амьдардаг. Тэр дотроо ганцхан христийн шашинтай улс нь Армени өөрөө юм. Цаг уурын хувьд дулаахан зөөлөн уур амьсгалтай учраас "Ирээд нэг үзэхэд буруудахгүй газар шүү" гэж монголчууддаа хэлмээр байна./инээв/

-Орос, Украины зөрчилтэй холбоотойгоор Армен руу дүрвэгсэд их ирж байгаа гэсэн. Энэ талаар яриач. Мөн Армен өөрөө хэр тайван орон юм бэ?

-Алхам тутамд л оросууд их харагдах болсон. Нэлээн их ирж байгаа бололтой. 

Харин миний амьдарч байгаа тосгон нийслэлээсээ 180 гаруй км-ын зайтай  Азербайжаны хилтэй залгаа шахуу. Гучхан км-ийн зайтай. Байнгын буудалцаантай  үргэлжийн түгшүүртэй л байдаг даа. Дайн хэний ч хүсэх зүйл биш гэдгийг мэдэрч байгаа.

-Хоёр хүүхэд нь одоо хамт байдаг уу?

-Манай охин Анагаах ухааны коллежид сувилагчаар суралцаж байгаа бол хүү маань эндээ нэр хүндтэй цэргийн лицей сургуульд суралцдаг. Хүү үүнийгээ төгсөөд эдийн засагч болно гэсэн бодолтой.

О.Баяндолгор

-Монгол хэл мэдэх үү?

-Манай хоёр хүүхэд Монголд төрсөн л дөө. Гэхдээ нэгдүгээр ангид элсэхдээ Арменд байсан учир гурван жил монголоор яриулаагүй. Хүүхдүүд учраас их амархан мартчихдаг юм билээ. Одоо монголоор ойлгодог ч ярихдаа маруухан.

-Армен сургуулийн онцлог танд ямар санагдав?

-Армен эхний жилдээ өөрийнхөө хэлийг заагаад хоёрдугаар ангидаа Орос, гуравдугаар ангиасаа Англи, Франц хэл заадаг юм билээ. Тэгэхээр хүүхдүүд хэлэндээ их төөрсөн санагдсан. Тосгоны сургуулийн боловсрол нэг их таалагдаагүй.

-Тус улсад ер нь ажиллаж амьдрахад хэр таатай орон юм бэ?

-Солонгос руу яваад мөнгө ахиухан олдог шиг биш ч гэлээ миний хувьд хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөр, амьжиргаа зэргээ залгуулаад болоод л байна. Цаашдаа энэ аж ахуйгаа илүү хөгжүүлнэ гэсэн бодол байна.

-Тосгоных нь хувьд маш цөөн хүн амтай гэж сонссон?

Яг албан ёсоор 140 гаруй хүн амтай гэж явдаг. Ой модоор хүрээлэгдсэн учраас бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд төвөгтэй. Монголд хонио хариулахдаа бэлчээрт орхиод холоос дуранддаг бол энд дурандъя гээд ч боломжгүй. Зэрлэг амьтад ч их учраас хажууд нь сайн харахгүй л болохгүй.

-Монголд байх хугацаандаа та юу хийж байсан бэ. Таныг дуучин байсан гэж сонссон. Тус мэргэжлээрээ ажилласан уу?

-Дуучин гэж хэтрүүлж бичсэн байсан. Би хөгжим бүжгийн коллежийг төгссөн. Төгсөөд СУИС-д дуучны мэргэжлээр суралцахаар шалгалт өгөх гэж байсан ч олгойны хагалгаанд орох үетэй давхцсан учраас чадаагүй. Тэгээд нөхөртэйгөө танилцаад  амьдарсандаа.

-Монгол дахь хамаатнуудтайгаа хэр холбоотой байдаг вэ. Цаашид Монголдоо ирнэ гэсэн бодол бий юу?

-Монголд олон хамаатан, садан найз нөхөд бий. Одоохондоо хоёр хүүхдээ сургууль төгссөнийх нь дараа Монголдоо очно гэсэн бодол бий.

Одоо нээх дордоод хэцүү байгаа зүйлгүй. Гэхдээ яахав хүний амьдралд сайн, муутай. Тэр бүрт толгойтой үснээсээ зуураад  суугаад байвал тэнэг асуудал. Ямар ч байсан одоохондоо хүний дээр гарчхаагүй, хүний дор орчхоогүй ер нь тосгондоо дундаас дээгүүр түвшинд амьдарч байна./инээв/

-Ярилцсанд баярлалаа.